
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хороог байгуулсан.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулсан уг түр хороо өнөөдрөөс эхлэн баасан гараг хүртэл Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Төрийн ордонд зохион байгуулж байна.
2009 онд Санжийн Баярын хамтарсан Засгийн газар Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагч талтай байгуулснаас хойш Монголын талын үр өгөөж хүртэх нь байтугай өндөр хүү төлөх, цаашлаад улсаараа өрөнд орсон нь үе үеийн улс төрчдийн бухимдлыг төрүүлж, УИХ, Засгийн газрын түвшинд 20 орчим ажлын хэсэг байгуулсан нь өнөө ямар дүнгүй байсаар ирсэн.
2018 онд Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах боломж байсан ч Монгол улсыг төлөөлөн төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгчид санаатайгаар, санаагүй нь үл мэдэгдэх эс үйлдэхүй хийсэн нь асуудлыг улам хүндрүүлсээр өнөөг хүрсэн.
Энэ удаа Түр хорооноос Оюу толгойтой холбоотой 300 гаруй гэрчийг сонсголд оролцож, мэдээлэл өгүүлэхээр дуудсан. Тэдгээр гэрчээр дуудагдсан эрхмүүд дунд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, сайд нар, УИХ-ын дарга, гишүүнээр ажиллаж байсан хүмүүс олон бий.
Тэд Оюу толгой төсөл, гэрээтэй холбоотой хамгийн чухал мэдээлэл хэлнэ гэсэн хүлээлтийг олон нийтийн зүгээс тавьж байгаа.
Гэхдээ Оюу толгойн гэрээ батлах үед Ерөнхий сайд байсан С.Баяр ирэхгүй гэдгээ цахим орчин илэрхийлсэн нь уг гэрээний цаана тодорхойгүй нууцын тамгатай олон асуудал бий гэдгийг харуулж байгаа юм.
Сонсгол явуулах сэдэв:
1. 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр буюу өнөөдөр Онтре Гоулдын эзэмшлийн Оюу толгой ордын ашиглалтын талбайд байрлах “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудал
2. 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар
3. 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаварыг үргэлжлүүлэн сонсох юм.






