
“StarLadder Budapest Major-2025” тэмцээний гуравдугаар тойрог эхэлж, “The MongolZ” баг өнөө шөнө Бразилын “Imperial”-тай тулна
Цахим спортын Counter-Strike 2 тоглоомын энэ оны хоёр дахь дэлхийн аварга шалгаруулах томоохон арга хэмжээ болох “StarLadder Budapest Major-2025” тэмцээн Унгарын Будапешт хотод үргэлжилж байна. Өнөөдөр тус тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд эхлэх бөгөөд Монголын шилдэг баг “The MongolZ” эхний тоглолтоо Бразилийн хүчтэй өрсөлдөгч “Imperial” багтай өнөө шөнө хийхээр болсон байна.
Энэ өдөр “FURIA Esports”, “Team Vitality” зэрэг дэлхийн чансааны өндөр байр эзэлдэг багууд мөн талбайд гарч, нийт зургаан тоглолт явагдах хуваарь гарчээ.
Ази, Номхон далайн бүсээс нийт зургаан баг оролцож буй ч гуравдугаар тойргийг бүс нутгаасаа ганцаараа “The MongolZ” баг эхлүүлж байна. Учир нь өмнөх хоёр тойрогт бусад багууд хожигдон тэмцээнээс арилсан тул Монголын баг бүс нутгийнхаа цорын ганц төлөөлөгч болж үлдлээ.
“The MongolZ” багийн бүрэлдэхүүнд энэ удаагийн тэмцээний өмнө өөрчлөлт орж, багийн зургаа дахь тоглогчоор М.Азбаяр (Senzu) бүртгэгджээ. Зургаа дахь тоглогч нь үндсэн бүрэлдэхүүний нэг нь гэмтэх эсвэл ямар нэгэн шалтгаанаар тоглох боломжгүй болсон үед нөхөж оролцох эрхтэй байдаг.
Монголын цахим спортын хөгжлийг олон улсад батлах томоохон боломж хэмээгдэж буй уг тоглолт өнөө шөнө монгол үзэгчдийн анхаарлын төвд байхаар байна.






