Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Япон Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-тэй 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр уулзав.
Шадар сайд Х.Ганхуяг манай хоёр улсын харилцааны түүхэнд 2025 он онцгой чухал ач холбогдолтой жил болж, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг хүлээн авч, манай улсад төрийн түүхэн айлчлал болсон гэдгийг онцоллоо.
Япон Улсын Засгийн газраас Хөгжлийн албан ёсны тусламжийн иений хөнгөлөлттэй зээлийг эргэн сэргээж, энэ хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хэрэгжүүлэхээр ажиллаж буйд талархал илэрхийлж, уг зээлийн хүрээнд “Инженер, технологийн дээд боловсролыг дэмжих төсөл”, түүнчлэн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээлийн төсөл”-ийн дараагийн ээлжийг үргэлжлүүлэх нь Монгол Улсын боловсрол, эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой гэдгийг онцолж, хамтран ажиллахыг хүслээ.
Сайд Т.Мотэги манай хоёр улс бүс нутаг, олон улсын тавцанд энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх нэгдмэл зорилгын хүрээнд ойр нягт хамтран ажиллаж буйг талархан тэмдэглэж, цаашид хоёр талын хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд үргэлжлүүлэн анхаарч, боловсрол, соёл, орон нутаг хоорондын харилцааг өргөжүүлэх, найрсаг харилцааны “тулгын чулуу” болсон ард иргэд хоорондын солилцоо, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа онцлов.
Уулзалтаар талууд харилцан үр өгөөжтэй худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхийн төлөө буйгаа нотолж, Монгол Улсын дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, бүсчилсэн хөгжлийг дэмжин туршлага солилцох, онцгой байдлын үеийн бэлэн байдлыг хангах, байгалийн гамшиг, газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг сайжруулах чиглэлд хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэх талаар ярилцлаа.
Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалт Токио хотноо амжилттай зохион байгуулагдсаныг талууд сайшаан, ээлжит зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахад хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн Монгол Улс, Япон Улсын Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлж, холбогдох дэд хороодын уулзалтуудыг амжилттай зохион байгуулахын ач холбогдлыг тэмдэглэв.
Монголын тал Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сард зохион байгуулах COP17-д Япон Улс өндөр түвшинд оролцохыг урив.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатараас Япон Улсын Ерөнхий сайд хатагтай С.Такаичи-г Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урьсан урилгыг Шадар сайд Х.Ганхуяг Гадаад хэргийн сайд Т.Мотэги-д гардуулан өглөө.






