
Япон улсад томуу, томуу төст өвчний тохиолдлууд өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад хурдацтай нэмэгдэж байгаа талаар NHK онцолжээ. Томуу, томуу төст өвчинд хүүхдүүд хамгийн ихээр өртөж байгаа ба Японы Эрүүл мэндийн аюулгүй байдлын институтийн мэдээлснээр 11-р сарын 16-наас 23-ны хооронд эрүүл мэндийн 3000 орчим байгууллагад томуу, томуу төст өвчний 196 895 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 1.35 дахин өссөн үзүүлэлт аж.
Японы Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 11-р сарын эхний 7 хоногт бүртгэгдсэн томуу, томуу төст өвчний тохиолдлуудын 80 хувийг 20-иос доош насныхан эзэлж байсан байна. Японы Хүүхдийн халдварт өвчний нийгэмлэгийн тэргүүн, Ниигата их сургуулийн профессор Саито Акихикогийн мэдээлснээр томуу, томуу төст өвчний дэгдэлтээс болж Токио хотын болон Сайтама мужийн зарим эмнэлгүүдийн хүүхдийн тасгуудад ор хүрэлцэхгүй болж, ачааллаа дийлэхээ больжээ.
Түүнчлэн томуу, томуу төст өвчний хүндрэлээс болж зарим хүүхдүүдэд энцефалопати буюу тархины хаван үүсэх шинж тэмдэг илэрч буйг онцолжээ. Профессор Саито Акихико томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийн тулд анги танхимыг тогтмол агааржуулах, амны хаалт зүүж, гараа сайн угааж байхыг мөн томуугийн хүндрэлээс сэргийлж томуугийн вакцинд хамрагдахыг уриалжээ.






