
Өвлийн улиралд хэрхэн хооллох талаар зөвлөгөө, мэдээллийг хүргэе.
Энэ үед улаан идээ буюу махан хоолыг голлож хэрэглэх нь зүйтэй ажээ. Үхэр, хонь, адууны махыг голлож хэрэглэхэд нэн тохиромжтой бөгөөд адууны махыг идэр есийн хүйтэнд хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх нь нэн тустай.
Эр малын махыг тэр тусмаа эцэг малын махыг идэр есийн үед ханиад томуу дэгдэхийн өмнө амдуулж хэрэглэдэг онцлогтой. Эр малын мах тамир тэтгэдэг бол эм малын мах бие махбодыг төлжүүлж, илааршуулах нөлөөлөл өндөр байдаг аж.
Өвлийн улиралд хүний идэж, ууж байгаа хоол хүнсний нөлөөлөл нь чанарын хувьд харьцангуй багасдаг байна. Өлсөж болдоггүй улирал гэж байдаг бөгөөд монгол хүний хувьд энэ улирал нь өвөл. Тиймээс давтамжит байдлаар, өлсөхгүйгээр дараагийн хоолоо идэж байх нь чухал юм. Өвлийн улиралд уургаар баялаг хоол хүнс хэрэглэх нь биед тустай.
Үүнээс гадна өвлийн саруудад биеийг дулаацуулах үйлчилгээтэй цагаан гаа, овъёос, халуун шоколад, хар шош, хушга, амтат төмс хэрэглэхийг эмч, мэргэжилтнүүд зөвлөдөг билээ.
Хүйтний улиралд бидний энергийн түвшин, бодисын солилцооны хурд болон хоолны дуршил өөрчлөгддөг. Мөн өвлийн улиралд ханиад томуугийн тархалт ихсэх, шинэ жилийн баярын үеэр замбараагүй хооллодог. Ийм учраас дархлааг дэмжих, шим тэжээлээр баялаг, эрүүл хоол хүнс хэрэглэх нь маш чухал юм.
Өвлийн улиралд нарийн ногоо, жимсийг түлхүү хэрэглэхэд хүндрэлтэй байдаг тул өвөл ургадаг ногоонуудаар шим тэжээлээ хангаж байх хэрэгтэй. Бидний биед шаардлагатай байдаг витамин болон эрдсүүдийн дутагдалд орохоос зайлсхийж олон нэр төрлийн хүнсийг хэрэглэх нь маш чухал.
Өвлийн улиралд ямар хүнсийг түлхүү хэрэглэвэл зохистой вэ?
- Хүрэн манжин нь кали, төмөр болон бусад эрдсүүдээр баялаг бөгөөд цусны эргэлтийг сайжруулах, цусны даралтыг тэнцвэржүүлэхэд оролцдог
- Брусел байцаа нь К витамин, ислэгээр баялаг
- Хулуу нь А витамин, бета каротенаар баялаг тул нүдний эрүүл мэнд болон дархлааг дэмжихэд тустай
- Цангис жимс нь антиоксидантаар баялаг
- Мөөг нь Д витаминаар баялаг
- Хушга самар нь омега-3 болон Е витаминаар баялаг
Бид өвөл Д витамины дутагдалд орох эрсдэлтэй юу?
Д витамин нь дархлааны тогтолцоонд оролцохоос гадна, ясны эрүүл мэндэд чухал үүрэгтэй. Ийм учраас мөөг, яргай загас, өндөгний шар, сүүн бүтээгдэхүүн зэргийг түлхүү хэрэглэвэл тохиромжтой байдаг гэж эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.






