
Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.11.28) нэгдсэн хуралдаан гишүүдийн 58.7 хувийн ирцтэйгээр 10 цаг 34 минутад эхэлж, долоон асуудал хэлэлцэхээр товлов. Нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Дав. Цогтбаатар танилцууллаа.
Улсын Их Хурлын 2023 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын санал болгосны дагуу томилогдсон Үндсэн хуулийн цэцийн гишүүн Лувсандоржийн Өлзийсайхан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 27-ны өдөр Улсын Их Хурын даргад ирүүлснийг Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу хэлэлцсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын дарга Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх саналын талаар танилцуулахдаа Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайхан нь 2019, 2023 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явцад Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын хувиар манлайлан оролцож, Монгол Улсад Үндсэн хуулийн эрх зүйн шинэтгэлийг эхлүүлж, хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсныг тэмдэглэсэн болохыг дурджээ. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу парламентын болон холбогдох салбарын эрх зүйн орчны шинэтгэлийг гүнзгийрүүлж, Монголд парламентын ардчиллыг бэхжүүлэх, ард түмний засаглах эрхийг хангах чиглэлээр мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж ирсэн, парламент судлал, парламентын дэгийн асуудлаар мэргэшсэн байдал зэргийг харгалзан Улсын Их Хуралд дэгийн асуудлаар зөвлөх, Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах, хуульд заасан бусад ажлыг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлэх үүрэг бүхий Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилох санал тавьсныг хүлээн авсан талаар танилцуулсан байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болохын Дав.Цогтбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан.


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Ө.Шижир, Ц.Баатархүү, Х.Тэмүүжин, А.Ариунзаяа, Н.Номтойбаяр, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайхан болон Улсын Их Хурлын дарга Н.Учрал нараас асуулт асууж, хариулт авсан. Н.Учрал дарга “Улсын Их Хурлын даргаас Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаач гэдэг хүсэлтийн дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайхан өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ анх санал болгож, томилсон Улсын Их Хуралд илгээсэн. Энэ хүсэлтэд нь үндэслэн Цэцийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна” хэмээн тодотгоод санал хураалт явууллаа.


Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 81 гишүүний 64.2 хувь нь дэмжив. Иймд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Н.Учрал дарга нэгдсэн хуралдаанд уншиж танилцууллаа.


Дараа нь Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Ерөнхий нарийн бичгийн дарга хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх бөгөөд түүнийг Улсын Их Хурлын даргын санал болгосны дагуу Улсын Их Хурал томилж, чөлөөлнө. Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулах журам Ерөнхий нарийн бичгийн даргыг томилоход хамаарахгүй” гэж заасан байдаг.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө ирүүлсэн тул Н.Учрал дарга тус албан тушаалд Л.Өлзийсайханыг томилуулахаар санал болгож буйгаа нэгдсэн хуралдаанд танилцуулав. Л.Өлзийсайхан нь 1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Магистр зэрэгтэй. 2021 онд “Парламентын хуралдааны дэг: Эрх зүйн харьцуулсан шинжилгээ” бүтээлээр хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. 2025 онд Швейцарын Холбооны Улсын Бернийн их сургуульд зочин судлаачаар ажилласан. Профессор цолтой. Монгол Улсын гавьяат хуульч юм.






