
Бөмбөгөр худалдааны төвийн гадна талбайд өдөр бүр хөл хөдөлгөөн тасардаггүй. Энд 20 гаруй жижиглэнгийн худалдаа эрхлэгчид халуун хүйтнийг үл ажран ажиллаж, амьдралаа залгуулдаг. Тэдний дунд цаг засварын жижигхэн ширээгээ түшин суугаа, хүмүүст танигдсан нэгэн бий. Тэр бол Тулааны найруулагч, “Action Crew” орлон тоглогчдын багийн ахлагч, соёлын тэргүүний ажилтан М.Наранбаатарын ээж У.Батмагнай юм.
20 жилийн турш нэг ч өдөр орхилгүй цаг засварын ажил хийж ирсэн түүний амьдрал, хөдөлмөр, үр хүүхдүүддээ зориулсан зүтгэлийн тухай хормын завгүй ажлынх нь үеэр бид хуучиллаа.
–Батмагнай эгч ээ, энэ хүйтэн цасан дунд ажиллахад хэцүү байдаггүй юу? Ядрах, даарах үе гардаг биз?
-Үнэндээ гэртээ зүгээр суугаад байхаар бие эвгүйрхээд, нэг л юм дутуу байгаа юм шиг санагддаг. Харин ажилдаа гараад хүмүүстэй ярилцаад, хөдөлгөөнтэй байвал өдрийн цаг маш хурдан өнгөрдөг. Сэтгэл ч тайван болдог. Хүйтэн гэдэг ч байдаг л зүйл. Дулаан хувцаслахаар болдог л юм. Хүүхдүүдийнхээ төлөө 20 жил тэсч ирсэндээ өөрөө ч бахархдаг.
Гурван хүүхдээ өсгөх гэж зүтгэсэн ажил маань өнөөдрийг хүртэл миний амьдралын гол түшиг болсон доо. Цаг засвар гэдэг жижиг ажил шиг харагдавч үнэхээр няхуур ажил юм шүү. Цаг засварын ажил надад хоол ундаа болгож, хүүхдүүдээ өлсгөхгүй өсгөх боломжийг олгосон.
-Одоо танайх хэдүүлээ амьдардаг вэ? Хүүхдүүдийнхээ талаар яривал?
-Одоо би 11-р ангид сурдаг нэг охинтойгоо хамт байна. Том хоёр хүүхдээ сургуулийг нь төгсгөөд, ажил амьдралтай болгоод тусад нь гаргасан. Одоо хамгийн бага охиноо мөн тэгж бие дааж, өөрийн замаа олоход нь туслахыг хичээж байна.
“Эх хүн үр хүүхэд нь эрүүл саруул ухаантай амьдрахыг хараад л сэтгэл амар явдаг бололтой”
–Танай том хүү М.Наранбаатар бол кино урлагт танигдсан хүн. Хүүгийнхээ уран бүтээлүүдийг харахад ямар санагддаг вэ?
-Маш их бахархдаг. Кинон дээрээ эрсдэлтэй сценүүдэд их ордог, унаж бэртэх юм шиг харагддаг болохоор үзэх бүрд “Уначих вий дээ” гэж дотроо санаа зовно. Гэхдээ ажил дээрээ зориулалтын хамгаалалттай байдаг болохоор тэгтлээ бэртэх нь ховор. Ээж хүн болохоороо л сэтгэлээсээ айдаг байх.
–Хүүгийнхээ ололт амжилтыг хараад өөрийн тань хөдөлмөрийн үр дүн гэж бодогддог уу?
-Тэгэлгүй яах вэ. Би тэднийг сургуультай, хүмүүжилтэй, ажил хийдэг хүн болгож өсгөнө гэж залуу наснаасаа л зүтгэсэн. Хүүхдүүд маань өдий зэрэгт хүрсэн нь миний олон жил хийсэн хөдөлмөрийн минь үр шим.
Миний гэхээс илүү үр хүүхдүүдийн маань ухамсар, ухаан их үүрэг гүйцэтгэсэн. Эх хүн үр хүүхэд нь эрүүл саруул ухаантай амьдрахыг хараад л сэтгэл амар явдаг бололтой. .
–Эцэст нь хүүхдүүддээ хандаж юу гэж хэлмээр байна?
-Миний хүүхдүүд ээжийгээ заримдаа чанга дуугарч, загнаж байсан бол уучлаарай. Ээж нь та нарыг маш их хайрладаг. Та нар минь ажил төрөлтэй, амьдрал нь өөдрөг явж байгааг хараад би сэтгэл амар байдаг шүү. Хүн бусдад сайн хандаж, сэтгэлтэй явбал амьдрал утга төгөлдөр харагддаг юм шүү л гэж хэлье дээ.






