
Хонгконг: “MAMA Awards” эхэлж, уг үйл ажиллагааны үеэр гал түймэртэй холбогдуулан хандив цуглуулах арга хэмжээ болно
Хонгконгт орон сууцанд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 94-т хүрчээ.
Хонгконгийн Тай По дүүрэг дэх орон сууцны хороололд өнгөрсөн лхагва гаригт гал гарч, нас барагсдын тоо өнөөдрийн байдлаар /2025.11.28/ 94 хүрээд байна. Мөн 76 хүн шархдаж, гэмтсэн бол өөр олон зуун сураггүй хэвээр байгаа юм.
Сүүлийн 30 жил тохиогоогүй энэхүү аймшигт гал түймрээс залгуулаад Хонгконгийн “Kai Tak” цэнгэлдэх хүрээлэнд “MAMA Awards” хөгжмийн шагнал гардуулах ёслол эхэлж байна. Дэлхий дахины хүмүүстэй эерэг уур амьсгалыг хуваалцах гэсэн сэдвийн дор зохион байгуулагдаж буй уг наадам 28, 29-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Гамшигт гал түймэртэй холбоотойгоор энэ жилийн наадам хохирогчдын дурсгалыг хүндэтгэхэд төвлөрнө гэж зохион байгуулагчид нь мэдэгдээд байгаа юм. Энэ хүрээнд хоёр өдрийн турш хандив цуглуулах арга хэмжээ болох ажээ. Зохион байгуулагч “CJ ENM” компани мэдэгдэхдээ “Олон нийт гашуудлын уур амьсгалтай байгаа учир улаан хивсний ёслол цуцлагдсан.
Гэхдээ гол арга хэмжээг төлөвлөсөн ёсоор шууд дамжуулна. Зарим нэг тансаг үзүүлбэрийн оронд тайтгарал, найдвар гэсэн сэдэвт анхаарлаа хандуулахаар найруулгыг шинэчилсэн. Зарим тусгай эффект, найруулгыг өөрчилнө” гэжээ.
Хонгконг нь 2012-2018 онд наадмыг зохион байгуулж байсан туршлагатай. Долоон жилийн дараа эргэн ирж буй наадам Солонгосын цагаар 19:30 минутад эхэлнэ. Энэ жил “Babymonster”, “Enhypen”, “Hearts2Hearts”, “TWS”, “Stray Kids”, “Zerobaseone”, “G-Dragon” нарын уран бүтээлчид оролцоно.
Галын шалтгаан нь тус барилгад засвар хийж байсан барилга засварын компанийн ажилтнууд засварын явцад галын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас гал түймрийг анх дэгдээсэн гэж үзэж байгаа ажээ. Тиймээс засвар хийж байсан 3 компанийн захирлуудыг Хонгконгийн цагдаагийн газраас баривчлан шалгаж эхэлжээ.
Галд автсан тус орон сууцны хотхонд нийт 4600 орчим хүн оршин суудаг ба оршин суугчдын багагүй хувийг ахмад настнууд эзэлдэг байжээ.
Хамгийн сүүлд Хонгконгт 5-р түвшний гал түймэр 17 жилийн өмнө гарч байжээ.






