
“Чингис хаан” одонг 2004 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабандийн гаргасан санаачилгаар УИХ-ын 21 дүгээр тогтоолоор баталж байжээ.
Тус одонг хамгийн анх 2005 онд Монгол Улс анхны Ерөнхийлөгч П.Очирбатад гардуулж байв.
“Чингис хаан” одонгоор Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэн болон байгууллагыг шагнаж, одонг батламж, үнэмлэхийн хамт гардуулдаг байна.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр буюу энэ долоо хоногийн баасан гарагт тохиож буй.
Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Төрийн ордонд ёслол төгөлдөр гардуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жил “Чингис хаан” одонг Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд гардуулахаар болжээ.
Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулах талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийлээ.Тус мэдээлэлд:
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр:
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол Бахархлын өдөр маргааш болох гэж байна. Энэ өдрөөр Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, нийгмийн дэвшлийг хангах, өв уламжлалын судлан шинжилж, хадгалан хамгаалахад жинтэй хувь нэмэр оруулан сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж онцгой гавъяа байгуулсан Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд, төр нийгмийн зүтгэлтэнд Төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхон гардуулдаг уламжлалтай.
Энэхүү эрхэм дээд шагналаар хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрхзүйн тогтолцоо, хуульзүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр хийгээд Их Эзэн Чингис хааны шударга ёс, их үйл хэрэг, гарамгай гавьяаг сурвалжлан судлахад олон жилийн нөр их хөдөлмөр, зүтгэлээ зориулсан Академич Содовсүрэнгийн Нарангэрэлийг “Чингис хаан” одонгоор шагнан алдаршуулахаар шийдвэрлэсэн.
Удам дамжсан эрдэмтэн багш, соён гэгээрүүлэгч төдийгүй нэр хуульч, өмгөөлөгч, хууль тогтоогч, төр нийгмийн нэр зүтгэлтэн юм.
Академич С.Нарангэрэл 1975 онд төгссөн цагаасаа төрөлх сургуульдаа 50 дахь жилдээ багшилж байгаа. 50 гаруй жил багшлахдаа 30 гаруй эрдэмтэн, олон мянган хуульчийг бэлтгэн гаргасан төдийгүй орчин цагийн хууль зүйн шинжлэх ухаан, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан байдаг.
- Улаанбаатар хотын Ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч
- УЕП-т хэлтсийн дарга, сайд нарын ерөнхий зөвлөлийн дэргэдэх төрийн бодлого судлах төвийн эрдэм шинжилгээний ажилтан
- Улсын бага хурлын дэргэдэх төр нийгэм судлалын академийн захирал
- УИХ-ын гишүүн
- Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч
- МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал зэрэг арвин туршлагатай эрхэм болохыг тодорхойлдог.
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол Бахархлын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье” гэлээ.






