
Хархорум хотын бүтээн байгуулалтад “Эрдэнэс Монгол” нэгдэл хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 230 дугаар зарлигийн дагуу Орхоны хөндийд Хархорум хотыг сэргээн байгуулах бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны 3 дугаар сараас албан ёсоор эхлүүлээд буй.Хархорум хотын төлөвлөлтийн дагуу 2026 онд хэрэгжүүлэх нэмэлт бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Хархорум хотын захирагч Л.Халтар нар 2025 оны 10 дугаар сарын 9-ний өдөр санамж бичиг байгууллаа.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хархорум хотын төлөвлөлтийн дагуу ойн зурвас байгуулахад “Эрдэнэс Монгол” нэгдэл бүрэлдэхүүн компаниудынхаа хамт нийт 778 га талбайд 536,000 ширхэг мод тарих зорилт тавьсан бөгөөд хаврын мод тарилтаар 330.000 мод тарьж ургуулж байна.Санамж бичгийг байгуулснаар “Эрдэнэс Монгол” нэгдэл нь Хархорум хотын “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-нд нэмэлтээр 53 га талбайд мод тарьж цэцэрлэгжүүлэлт хийх, үерийн далан суваг барих зэрэг бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэхээр болж байна.Хархорум хотын “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн” нь гадаад, дотоодын аялагчдын заавал зорьж үздэг газруудын нэг болсон бөгөөд дээрх бүтээн байгуулалтыг нийтэд хүртээмжтэй болгох, тогтмол арчилж, тордох, хамгаалахад чиглэсэн олон ажлыг хийж буйгаа албаныхан уг арга хэмжээний үеэр онцолсон юм.






