
“Эрдэнэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт ба хариуцлагатай уул уурхай” салбар хуралдаанд панелистээр оролцлоо
“Mining Week & Mine Pro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтын “Эрдэнэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт ба хариуцлагатай уул уурхай” салбар хуралдаанд Эрдэнэс Монгол нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт оролцож, уул уурхай, эрдэс баялгийн салбарын төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах зарчим бодлого, нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын төвлөрч ажиллаж буй зарим төслийн талаарх асуултуудад хариуллаа.
Тухайлбал, Монгол-Францын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа Үндсэн хуулийн зарчмыг баримталж, баялгийн дийлэнх буюу 50+1 хувийн үр өгөөж монголчуудад ирэх хувилбарт тохиролцож чадсанаа онцлоод цаашид стратегийн бусад ордод мөн энэ зарчмыг баримталж ажиллах нь зүйтэй, хэрэв ийм нөхцлийг хангаж чадахгүй бол менежментийг гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй байлгах нь зөв гэв. Том ордыг төр өөрөө ашиглана гэдэг ойлголт бүх түвшиндээ өөрчлөгдсөнийг тэрбээр онцоллоо.
Тус салбар хуралдааны чиглүүлэгчээр МУУҮА-ийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл, панелистээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Орано Майнинг компанийн гүйцэтгэх захирал Ксавье Сэнт Мартен Тийэ нар хамтран оролцсон юм.






