
АНУ-ын Конгресс ирэх жилийн төсвөө батлаагүйгээс болж тус улсын засгийн газрын үйл ажиллагаа зогсож, шатдаун болоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор агаарын тээврийн компаниуд нислэгүүдийнхээ тоог бууруулахад хүрчээ.
Өнгөрсөн бямба гарагт АНУ даяар 1400 гаруй нислэг цуцлагджээ. FlightAware сайтад бичсэнээр өнгөрсөн баасан гарагт 7000 гаруй нислэг, бямба гарагт 6000 орчим нислэг хойшлогджээ.
Америкийн Бүгд найрамдах болон Ардчилсан намынхан ирэх жилийн төсөв дээр зөвшилцөлд хүрч чадаагүйгээс болж 10-р сарын 1-нээс АНУ-ын засгийн газар үйл ажиллагаагаа хэсэгчлэн зогсооход хүрчээ. Энэ удаагийн засгийн газрын шатдаун нь Америкийн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн шатдаун болж, рекорд тогтоогоод байна. Өмнөх рекорд болох 35 өдөр үргэлжилсэн шатдаун 2018 онд Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны үед болж байжээ.
АНУ-ын төрийн байгууллагуудын дийлэнх нь Конгрессын 10-р сарын 1-нээс өмнөөс баталсан төсвөөр санхүүждэг ба өгөгдсөн хугацаанд Конгресс ирэх жилийн төсвөө баталж чадахгүй бол АНУ-ын засгийн газар хэсэгчлэн эсвэл бүхлээрээ үйл ажиллагаагаа зогсоох буюу шатдаун болдог юм.
Bloomberg агентлагийн мэдээлснээр АНУ-ын засгийн газрын шатдауны улмаас 650 мянган төрийн албан хаагч цалингүй чөлөө авахад хүрч, 600 мянга орчим төрийн албан хаагч цалингүй ажиллах шаардлагатай болжээ.
Эх сурвалж: BBC News






