
Эмч, эмнэлгийн ажилтнууд үндсэн цалингаа 3.5 саяд хүргэх, Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 6 хувьд хүргэх, Эрүүл мэндийн ажилтнуудын иж бүрэн нормын хувцас, эмнэлгийн урсгал засварын зардлыг Улсын төсөвт суулгаж өгөх шаардлага хүргүүлж 2025.10.09-ны өдөр үндэсний хэмжээний жагсаалыг зохион байгуулсан билээ. Тус жагсаалд нийслэл болон 21 аймгийн 10000 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд нэгдээд байсан юм.
Тэгвэл Эрүүл мэндийн яамтай хэлэлцээр хийх хуулийн хугацаа нь дууссан тул 2025.10.27-ны өдөр өнөөдрөөс суултаа зогсоож ажил хаялт зарлах бэлтгэл ажил хангагдсаны дараа ажил хаялт зарлахаа албан ёсоор зарласан билээ.
2025.10.29-ны өдөр Эрүүл Мэндийн Яаманд Эрүүл мэндийн салбарын цалин нэмэгдүүлэх шаардлагын хүрээнд МЭМАҮЭХ, Эрүүл мэндийн яам болон Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны төлөөлөл уулзалт зохион байгуулсан.
Энэхүү уулзалтын зорилго нь салбарын ажилтнуудын тавьсан шаардлагын дагуу нэмэлт гэрээ хэлэлцээрийг эхлүүлэх байсан юм.

Гэтэл “Ажилтнуудын тавьж буй шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд салбарын нэмэлт хэлэлцээрийн төслийг хэлэлцэхээр бид ЭМЯ-нд ирсэн. Гэвч яамны зүгээс бидний тавьсан 3.5 сая төгрөгийн цалингийн хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх тооцоо, тодорхой саналаа гаргаагүй, зөвхөн өмнөх шийдвэр буюу 15%-ийн нэмэгдэл дээр байр сууриа илэрхийлсэн. Иймд бид хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн хэлэлцээрийн ширээнээс гарч ирсэн” гэж МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа мэдэгдсэнээр тус хэлэлцүүлэг үр дүндээ хүрээгүй юм.


2025.10.30-нд Эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч нарын цалингаа нэмэгдүүлэх тэмцлийг зогсоохоор дарамталж буй талаар үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл өгч байсан бол 2025.11.04-ны өдөр Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны, гүйцэтгэх зөвлөлийн ээлжит бус хуралдаанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 25.2-т заасны дагуу ажил хаялт зарлах болсноо албан ёсоор мэдэгдсэн юм.
Тэгвэл энэ мэдэгдлээс хойш ажлын тав хоногийн дараа буюу 2025.11.13-ны өдрөөс эхлэн эмч, эмнэлгийн ажилтнууд ажил хаялтад нэгдэх юм.
Үүнтэй холбогдуулан манай сурвалжлах баг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт очиж эмч, эмнэлгийн ажилчдын нөхцөл байдал ямар байгаа талаар тодрууллаа.


Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушги, харшил судлалын төвийн ахлах зэргийн эмч Б.Далай:
Би эрүүл мэндийн салбарт 16 дахь жилдээ ажиллаж байна. Одоогоор “ТҮМ-6.1” ангиллаар цалинждаг, үндсэн цалин маань 1.670.000 мянган төгрөг. Үүн дээр зэргийн нэмэгдэл 10 хувь, ажилласан жилийн нэмэгдэл, мөн хоол унааны 100 мянган төгрөг нэмэгддэг. Энэ нь миний авах ёстой үндсэн цалин.
Гэхдээ энэ цалин бидний амьдралд хүрэлцэхгүй байгаа учраас бид шөнийн жижүүр хийж нэмэлт орлого олдог. Би дотрын тасагт сардаа 3-4 удаа жижүүр хийдэг. Тэр нэмэгдлүүдийг тооцвол цалин маань 2 сая орчим төгрөг болно. Харин татвар суутгасны дараа гар дээрээ 1.9 сая төгрөг орчим авдаг. Хэрвээ жижүүр хийхгүй бол 1.4 сая төгрөгийн орчим л гар дээрээ авна.
Манай салбар 2020–2021 оноос “гүйцэтгэлийн санхүүжилт”-ийн системд шилжсэн. Эхэндээ энэ тогтолцоо зөв санагдсан ч одоо тодорхой хүндрэл гарч байна. Учир нь онош бүр өөр өөр үнэлгээтэй. Жишээлбэл, уушгины хөнгөн хатгаа эмчлэхэд 470-480 мянган төгрөгийн, хүнд хэлбэрийн хатгаанд 670 мянган төгрөгийн төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог.
Гэвч энэ мөнгө нь тухайн өвчтөний эмчилгээ, үйлчилгээ, эм тариа, хүчилтөрөгч, асрагч, үйлчлэгч зэрэг бүх зардлыг хангаж чадахгүй байна. Тиймээс эмнэлэг даатгалын сангаас авч байгаа энэ бага мөнгөөр эмч, ажилчдын цалинг нэмэх ямар ч боломжгүй. Зарим эмнэлэг бүр 11, 12 дугаар сарынхаа цалинг тавьж чадахгүй хэмжээнд хүрч байгаа.
Даатгалын сангийн хөрөнгө нь ажил хийж, шимтгэл төлж буй цөөн иргэдийн татвар дээр тулгуурлаж байгаа учраас нийт иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн санхүүжүүлэх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, төлж байгаа мөнгө болон зарцуулж байгаа зардлын тэнцвэр алдагдсан.
Иймээс бидний хувьд эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх бодит боломж байхгүй гэдгийг ойлгож байгаа. Тиймээс төр, засгаас энэ асуудалд анхаарч, ДНБ-ий 3 хувийг нэмэгдүүлж эрүүл мэндийн салбарт нэмэлт хөрөнгө оруулах шаардлагатай гэж бодож байна.


Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч Б.Батцэцэг:
Эрүүл мэндийн салбарт 15 дахь жилдээ, харин энэ тасагтаа 11 дэх жилдээ ажиллаж байна. Одоогоор “ТҮ-7.1” ангиллаар цалинждаг, үндсэн цалин маань 1.637.000 мянган төгрөг.
Энэ мэргэжлийг эзэмших гэж 6 жил их сургуульд суралцаж, түүнээс гадна резидентийн сургалтад 2 жил суралцсан. Нийт 8 жилийг зарцуулж байж мэргэшсэн. Энэ хугацаанд мэргэжлээрээ ажиллаж буй олон сайн эмч нараасаа урам авч, энэ ажилдаа улам дурласан.
Эрчимт эмчилгээний эмчийн онцлог нь бусад эмч нар шиг хувьдаа амбулатори нээж, бие даан ажиллах боломж хязгаартай байдагт оршдог. Учир нь бидний ажил нь томоохон эмнэлэг, тусгай тоног төхөөрөмж бүхий орчинд, бусад эмч, сувилагч, асрагч, техникч нартай хамтран байж л үр дүн гаргадаг. Хүнд өвчтөн ирэхэд зөвхөн нэг эмчийн ур чадвар бус, бүхэл тасаг, бүхэл хамт олон хамтдаа зүтгэж байж л тэр хүний амийг авардаг.
Тиймээс эрчимт эмчилгээний эмч гэдэг бол эмнэлгийн хамгийн чухал нэгжид ажиллах зайлшгүй шаардлагатай, өндөр хариуцлагатай мэргэжил.
Би эмч бүр ажлаа чин сэтгэлээсээ хийдэг гэж боддог. Энэ бол зүгээр нэг ажил биш, өдөр тутамд тасралтгүй суралцах, хөгжихийг шаарддаг амьдралын нэг хэсэг юм. Тийм болохоор ийм их хөдөлмөр, зүтгэлийг нийгэм шударгаар үнэлж, хөдөлмөрийн үнэлэмжийг нь бодитой болгоосой гэж хүсдэг.


Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушги, харшил судлалын төвийн зөвлөх зэргийн эмч Ц.Батцэнгэл:
Би өнөөдөр эрүүл мэндийн салбарт 32 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд үнэхээр өндөр ачаалалтай, хариуцлагатай ажил хийж ирсэн ч цалин хөлс маань туйлын бага байдаг. Өнөөдөр миний гар дээр авдаг цалин ердөө 1 сая 500 мянган төгрөг.
Бид өдөр бүр цочмог өвчтэй хүмүүст тусламж үзүүлдэг. Гэвч даатгалын сангаас зөвхөн тодорхой өвчний зардлыг олгодог. Харин архаг өвчнүүдийн хувьд “даатгалын мөнгийг өгөх боломжгүй” гэж үзээд эмнэлэгт квот тогтоож, хязгаар тогтоосон байдаг.
Энэ нь хоёр зүйлийг харуулж байна. Нэгдүгээрт, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо үр ашиггүй, шударга бус болсон. Хоёрдугаарт, иргэд даатгалынхаа төлбөрийг шударгаар төлдөг мөртөө эмнэлэгт очиход “таны өвчин архаг тул өөрөө мөнгөө төл” гэсэн хариу авдаг нь иргэдийн итгэлийг алдаж байна.
Даатгуулагч хүн эрүүл мэндээ хамгаалахын тулд даатгал төлдөг. Гэвч тэр мөнгө нь эмнэлгийн тоног төхөөрөмж, эм тариа, үйлчилгээний зардал, эмч ажилчдын цалин гээд олон зүйлд тарамдаж, ЭМД-ын сангийн хөрөнгө хүрэлцэхгүйд хүрсэн. Үүний үр дүнд сан өөрөө бараг зогсонги байдалд орсон гэж хэлж болно.
Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд төр, УИХ-ын гишүүд эрүүл мэндийн салбартаа илүү анхаарах ёстой. Одоогийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) ердөө 3 хувь нь эрүүл мэндийн салбарт зарцуулагдаж байна. Үүнийг ядаж 5-6 хувь болгон нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэснээр Монгол хүн даатгал төлж байгаа хэр нь эрүүл мэндийнхээ хангалттай үйлчилгээг бодит утгаар авч чадна.
Өнөөдөр бидний хувьд нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Заримдаа ажлаа хаяж, эсэргүүцлээ илэрхийлэхээс өөр аргагүй болдог. Үр хүүхдээ тэжээж, амьдралаа авч явах гэж хичээж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын бодит нөхцөл байдлыг төр, нийгэм ойлгох цаг ирсэн гэж бодож байна.
Өрөг.мн сайтын сурвалжлах баг эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин нэмүүлэх ажил хаялтыг тогтмол сурвалжлан хүргэх болно.







өвчтөнүүдээ өөр улсад алдаад байгаа юм чинь