
Д.Трамп Ерөнхийлөгч Си Жиньпинтэй хийсэн уулзалтыг “10-аас 12” гэж үнэлэв
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНСУ-ын Бусан хотод БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпинтэй хийсэн уулзалтын үеэр талууд олон асуудлыг шийдэж чадсан хэмээн, уг уулзалтад 10-аас 12 оноо өгнө гэжээ.
Хоёр орны төрийн тэргүүнүүд ямар нэг гэрээ хэлэлцээрт гарын үсэг зураагүй ч уулзалтын үр дүнд талууд нэг жилийн хугацаатай худалдааны гэрээ байгуулахаар болжээ. Вашингтон Хятадын импортын бараанд тогтоосон гаалийн импортын татвараа 57 хувиас 47 хувь болгон бууруулах шийдвэрт хүрчээ.
Ерөнхийлөгч Д.Трампын мэдэгдсэнээр Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд газрын ховор металлын нийлүүлэлттэй холбоотой асуудлууд шийдэгдсэн байна.
Мөн Бээжин дахин Америкийн фермерүүдээс шар буурцаг худалдан авч эхлэхээр болсон гэжээ. Түүний хэлснээр дээрх шийдвэрүүд нь удахгүй цаасан дээр албан ёсны гэрээ болж буух аж. Түүнээс гадна Ерөнхийлөгч Д.Трамп ирэх 4-р сард БНХАУ-д айлчлахаа мэдэгджээ.






