
МСБХ: Улирлыг амжилтаар тэргүүлсэн гурван багаас “MVP” тодруулахаар болж байна
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний Дээд лиг”-ийн 2025-2026 оны шинэ улирал 10 дугаар сарын 01-ний өдөр хөшгөө нээсэн.
Үндэсний дээд лигийн талбайд эрэгтэй 10, эмэгтэй 8 багийнхан өрсөлдөж буй. Багуудын тамирчид бүтэн улирлын турш өрсөлдсөний эцэст улирлын шилдэг баг, шилдэг тамирчдаа зарлаж тодруулдаг уламжлалтай билээ.
Харин энэ жил дээд лигт олон өөрчлөлт, шинэчлэлтийг Монголын Сагсан Бөмбөгийн холбооноос хийж байгаа юм. Түүний нэг нь өнгөрсөн улирлуудад шилдэг тамирчин буюу “MVP”-ийг сонгодог байсан журмыг энэ улиралд өөрчлөөд байна. Энэ тухай МСБХ-ны “Үндэсний Дээд лиг”-ийн тэмцээнийг зохион явуулах журмаас шилдэг тамирчдыг хэрхэн тодруулахаа мэдэгдэв.
Жил бүр олны анхаарлыг татдаг шагнал бол улирлын үнэ цэнтэй тоглогч буюу “MVP”-ийн эзэн.
Тэгвэл тухайн улирлын амжилтын хүснэгтээр эхний гурван байр эзэлсэн багийн тоглогчийн статистик (дундаж оноо, самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалт, бөмбөг таслалт, +/-) болон үр ашигт үзүүлэлтээрээ тэргүүлж, улирлын нийт тоглолтын 75 хувиас багагүй тоглолтод оролцсон Монгол тоглогчид тус шагналыг олгох юм.

Амжилт нь ахисан тоглогч буюу “MOST IMPROVED PLAYER”
Тус шагналыг өнгөрсөн улирлын статистик үзүүлэлтээс тухайн улирлын статистик үзүүлэлт нь хамгийн ихээр ахиж гаргасан, улирлын нийт тоглолтын 75 хувиас багагүй тоглолтод оролцсон Монгол тоглогчид олгоно.
“ROOKIE OF THE YEAR” буюу улирлын шилдэг шинэ тоглогчийн шагнал
Тухайн улирлын драфтаар лигт элсэн орсон тоглогчдыг статистик үзүүлэлт статистик (дундаж оноо, самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалт, бөмбөг таслалт, +/-) болон үр ашигт үзүүлэлтээрээ тэргүүлж, улирлын нийт тоглолтын 75 хувиас багагүй тоглолтод оролцсон Монгол тоглогчид тус шагналыг олгоно.
Улирлын шилдэг хамгаалан тоглогч (DEFENSIVE PLAYER OF THE YEAR) шагнал
Улиралд нийт багуудыг хамгаалалт үзүүлэлтээр хүснэгтийн эхний тавт бичигдэж буй багийн тоглогчдоос хамгаалалтын эрэмбээрээ тэргүүлж, улирлын нийт тоглолтын 75 хувиас багагүй тоглолтод оролцсон Монгол тоглогчийг тус шагналаар шагнах журмыг баталжээ.


Улирлын шилдэг 6 дахь тоглогч (SIXTH PLAYER OFF THE YEAR) шагнал
Улирлын тоглолтын гуравны хоёроос дээш тоглолтод оролцсон нийт тоглогчдыг статистик үзүүлэлтээрээ тэргүүлсэн Монгол тоглогчийг тус шагналаар шагнана.
Улирлын шилдэг олон улсын тоглогч (INTERNATIONAL PLAYER OFF THE YAER) шагнал
Тухайн улирлын амжилтын хүснэгтээр Эхний гурван байр эзэлсэн багийн тоглогчийн статистик үзүүлэлт (дундаж оноо, самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалт, бөмбөг таслалт, +/-) болон үр ашигт үзүүлэлтээрээ тэргүүлж, улирлын нийт тоглолтын 50 хувиас багагүй тоглолтод оролцсон гадаад тоглогчийг тус шагналаар шагнах журамтай болжээ.
Дашрамд дуулгахад: 2025-2026 оны улиралд 2014, 2019 оны ДАШТ болон “Токио-2020” олимпын наадамд ажилласан Олон улсын шүүгч Кинслэй Ожеабуру ажиллаж буйгаараа онцлогтой.








