
УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд бүлгээ хуралдуулахыг шаардаж байгаа талаар мэдээлэл хийсэн. Үүний хариуд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хоёр талаас өргөх бичиг баригдсан байгаа. УИХ-ын даргыг, Ерөнхий сайдыг огцруулах хоёр бичиг өргөн баригдсан. Бүлгийн гишүүд хоорондоо ярилцаж, “бүлгийн хурлаа хийе” гэж ярьж байна. Гэхдээ хоёр талаас бичиг барьсан хүмүүс хоорондоо уулзаж, бичгийн утга учрыг ярилцах ёстой.
Бүлгийн даргын хувьд энэ хоёр бичгийн учрыг олж, талуудыг уулзуулж, ойлголцуулах үүрэгтэй. Бичиг барьсан хүмүүсийн ард Ерөнхий сайд, УИХ-ын дарга байгаа учраас, тэдний зөвшилцөлгүйгээр хурал хийх нь хоосон маргаан болно.
Иймээс эхлээд тодорхой уулзалт, зөвшилцөл хийсний дараа бүлгийн хурлыг хийх хэрэгтэй. Үгүй бол хурал зүгээр маргаан болно. Хоёр талын бичгээ татах асуудал байхгүй, гэхдээ хэрүүл болно гэдгийг бүгд мэдэж байгаа. Үүнийг удирдах зөвлөл шийдэх ёстой.
Би удирдах зөвлөлийн гишүүдтэй ярьсан, хуралдуулах санал тавьсан. Удирдах зөвлөлийн шийдвэр гарсны дараа бүлгийн хурал болно гэсэн бодолтой байна. Өнөөдөр хурал болохгүй бол 38 гишүүн гарын үсэг зурсан бичиг хүргүүлсэн.
Өчигдөр бүлгийн хурал хийх гэж байсан ч нөхцөл таагүй байсан тул өнөөдөр зар тавьсан. Маргааш 12 цагт хурал болно. Засгийн хурал тусдаа явагдана. Миний зорилго бүлэг хоёр хуваагдалгүй, эв нэгдэлтэй байх.
Би эвлэрэл, ойлголцлын асуудлаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай уулзсан. Хоёр тал бичгээ татвал төрийн ажил, ялангуяа төсвийн асуудал урагшилна. Монгол Улсын Ерөнхийлөгчид ч нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Нам дотор тогтворгүй байдал үүсэж байгаа талаар анхааруулсан.
Төсвийн хэлэлцүүлэг дөнгөж эхэлж байна. 11 сарын 19-нөөс өмнө батлах хэрэгтэй. Би нүүрстэй холбоотой нууц гэрээнүүдийг ил гаргах мэдэгдэл хийсэн. Үүний үр дүнд 3 орчим их наяд төгрөгийн асуудал ил болсон. Төмөр зам, авто зам зэрэг бүтээн байгуулалттай холбоотой гэрээнүүд бүгд ил болсон. Энэ бол ухралт биш, харин ч асуудлыг ил болгосон алхам байсан.
Маргааш бүлгийн хурал болно. Хоёр удаа хойшлогдсон ч энэ удаа хийнэ. Ерөнхий сайдын огцруулах асуудал чуулганаар хэлэлцэгдэх тул түүнтэй холбоотой уулзалт хийнэ. Ерөнхий сайд, УИХ-ын даргын түвшинд уулзалт болсон. Төсвөө 11 сарын 15 гэхэд дуусгах шаардлагатай. Намын хурал ч мөн тэр үед болно.
Хоёр тал ойлголцохгүй бол төсвөө баталж чадахгүй болох эрсдэлтэй. Иймээс хамгийн түрүүнд төрийн ажлын үргэлжлэл, тогтвортой байдлыг хангах хэрэгтэй. Хоёр тал бичгээ татвал улс төрийн нөхцөл байдал тогтвортой болно” гэв.






