
Мадагаскарын Ерөнхийлөгч Андри Ражуэлина Gen Z нарын эсэргүүцлийн жагсаал цуглаантай холбоотойгоор өнгөрсөн ням гарагт эх орноосоо зугтсан талаар Мадагаскарын парламент дахь сөрөг хүчний тэргүүн Ситени Рандрианасолониаико мэдэгджээ.
2009 онд түүнийг төрийн эрхэнд гарахад тусалсан Мадагаскарын зэвсэгт хүчний анги бүрэлдэхүүнүүд Gen Z нарын эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсэн нь Ерөнхийлөгч Андри Ражуэлина эх орноосоо зугтахад нөлөөлсөн байж болзошгүй бөгөөд түүнийг Францын зэвсэгт хүчний онгоцонд суун зугтсан гэдгийг эх сурвалжууд мэдээлжээ.
Харин Францын RFI радио долгион А.Ражуэлинаг Ерөнхийлөгч Эммануэль Макроноос орогнол хүссэн байж болзошгүй талаар мөн дурдсан байна. Усны болон цахилгаан эрчим хүчний хомстолтой холбоотой иргэдийн уур бухимдал Gen Z нарын төрд бугшсан авлига хээл хахууль, эрх баригчдын чадамжгүй байдлын эсрэг жагсаал цуглаан болон хувирчээ.
Үүнтэй адил төрийн эрх мэдлийг атгаж буй албан тушаалтнуудын эсрэг жагсаал цуглаан өнгөрсөн 9-р сард Непал болон Марокко улсуудад өрнөсөн билээ. НҮБ-ын мэдээлснээр 9-р сарын 25-наас Мадагаскарт эхэлсэн Gen Z нарын эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр багадаа 22 хүн амь үрэгджээ.
30 сая орчим хүн амтай Мадагаскар улсын хүн амын 70 гаруй хувийг 24-өөс доош насны залуус эзэлдэг бөгөөд хүн амынх нь 3/4 нь ядуу амьдардаг аж. Дэлхийн банкны судалгаагаар 1960-2020 оны хооронд тус улсын нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 45 хувиар буурчээ.






