
“Эргэлт.мн” сайтын хамт олон Берлиний кино наадамд “Давс үүрсэн 40 жил” баримтат киноныхоо төслийг танилцуулжээ.
Уг киноны урьдчилсан зураг авалтыг Өмнөговь аймгийн Гурвантэс суманд хийсэн байна. Тус сайтын хамт олон “Давс үүрсэн 40 жил” нийтлэлээ ийн баримтат кино болгохоор зорьжээ. Ингээд бид уг баримтат киноны найруулагчаар ажиллаж буй сэтгүүлч Б.Бадралмаатай цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу? Монгол сэтгүүлчдийн тэр дундаа танай сайтын хамт олон Баримтат кино бүтээхээр зорьсон зорилго нь юу байв?
-Манай “Эргэлт.мн” мэдээллийн сайт байгуулагдаад 5 жил болсон байна. Бид Сэтгүүлч Д.Чанцалдуламын бичсэн “Давс үүрсэн 40 жил” нийтлэлийг баримтат кино төсөл болгохоор зорьсон. Энэ төслөө Олон улсын буюу Герман улсын Берлиний кино наадамд танилцуулах амжилттай явж байна.


-Баримтат киноны гол агуулга нь юу вэ?
-Өмнөговь аймагт давсны артелийн үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг байсан. 1990-ээд оны үед үйлдвэрүүд нь хувьчлагдах үед тэр үйлдвэр татан буугдсанаас хойш давс олборлох боломжгүй болсон. Тухайн үед сургуулиа төгссөн нэг ангийн 4 залуус үйлдвэртээ үлдэж ажилласан. Ингээд өнөөдрийг хүртэлх цаг хугацаанд давсаа олборлоод, найзалж нөхөрлөөд явж байгаа түүхтэй. Хамгийн гол нь байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт тэр дундаа говийн аймгуудад элсний нүүдэл, цөлжилт, давагдашгүй хүчин зүйл маш ихээр нэмэгдсэн. Иймээс орон нутагт буй иргэд хэрхэн байгалийн уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцдэг, хайрлан хамгаалахаар тэнд байгаа давсны олдвороо яаж хамгаалж авч үлдсэн талаар харуулахыг зорьсон. Мөн давс олборлоод үүний зэрэгцээ найз нөхөрлөлийн үнэ цэн юу юм бэ, хүний амьдралын мөн чанар юу юм бэ гэдгийг энэ кино төслөөрөө илүү харуулахыг зорьж байгаа гэдгийг онцолмоор байна. Яг энэ цаг мөчид Ази тивд оршиж буй жижиг улс хэрхэн, яаж дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жижигхэн ч болтугай чадах зүйлээ хийж байгаа вэ гэдгийг тусгаж байгаа юм.


-Хүний мөн чанар, нөхөрлөлийг тэр 4 гол дүрийн буурайгаар харуулахыг зорьсон уу?
-Анх тэр орд газартаа үлдээд тэр дөрвөн буурай насан эцэс болтлоо хамтдаа нөхөрлөөд, нэгнээ эзгүйд бие биенээ орлоод л, салж чадахгүйгээр давсаа олборлоод, нөхөрлөлөө хадгалаад ирсэн буурлууд.
Нэгнийгээ аймаг, сумыг зорилоо. Эзгүйд нь байхгүй нэгнээ нөхөөд л ажиллаад, давсаа олборлодог юм билээ.


-Берлиний кино наадамд хэдэн баримтат киноны төсөл өрсөлдөв?
-32 төсөл оролцсоноос манайх 2 дугаар шатанд 15 төслийн нэгээр шалгарсан. Гадны шүүгч, продюссеруудад ингээд танилцуулахаар болсон. Мөн 15 төсөлд багтаж “Хархорум” Олон улсын кино наадамд төслөө бас танилцуулсан. Гадны продюссеруудын хувьд маш сонирхолтой сэдэв байна. Танай энэ сэдвийг байгаль орчинд маш хэрэгтэй, Олон улсын яг сонирхож буй кинонуудад амжилттай явдаг ийм сэдэв байна гээд маш өндөр үнэлгээтэйгээр оролцсон байгаа. Үүний дараа бид нар Германы “Улаанбаатар” кино наадмын төслийн хүрээнд Монгол кино төсөл танилцуулах Берлиний төсөлд энэхүү төслөө танилцуулсан. Берлиний Олон улсын наадамд 200 гаруй гадны шүүгч, продюссеруудад төслөө танилцуулахаар шалгарсанд маш их баяртай байгаа. “Эргэлт.мн” сайт цаг үеийн мэдээ мэдээллүүдээс гадна “Мөнхийн бүтээл”-ийн төлөө зорьё оо гэдэг ийм бодлоготой редакц. Тийм учраас мөнхийн бүтээл гэж юу юм бэ. Хүний түүхийг харуулсан, сэтгүүлчийн тэр ур чадварыг харуулсан бүтээлүүдийг олон нийтэд хүргэх илүү зорьдог.


-Баримтат киноны төслийн багийн тухайд танилцуулна уу?
-“Давс үүрсэн 40 жил” Баримтат кино төслийн санаачлагчаар манай сайтын Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатар, продюссерээр-Ерөнхий редактор Б.Энхмарт, зохиолчоор нийтлэлийн бичсэн сэтгүүлч Д.Чанцалдулам, найруулагчаар Б.Бадралмаа миний бие ажиллаж байгаа. Ерөнхийдөө Өмнөговь аймгийн Гурвантэс сумыг зориод эхний туршилтын зураг авалтаа хийгээд ирсэн.


-“Давс үүрсэн 40 жил” баримтат киногоор Монголын сэтгүүлчид, редакцийн уран бүтээлчид бүтээл төрүүлдэг, чаддаг гэдгийг Олон улсад харуулж яваа та бүхэнд амжилт хүсье.
-Баярлалаа. Монголын сэтгүүлчид бүтээлийн төлөө, уран бүтээлч сэтгэлгээгээр ажилладаг. Ингэж чаддаг гэдгийг харуулахыг зорьсон.




Ярилцсанд баярлалаа.
Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






