
Хагас коксон түлш гэдэг нь нүүрсийг халааж боловсруулснаар гаргаж авдаг, өндөр илчлэгтэй, хортой хий бага ялгаруулдаг түлш юм. Энэ нь уламжлалт түүхий нүүрснээс бага утаа, илүү цэвэр шаталттай байдаг.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд гэрээт борлуулалтын 400 орчим цэгээр хагас коксон шинэ түлшийг борлуулж эхэлсэн.
Үүнтэй холбогдуулан Чингэлтэй дүүрэгт байрлах түлш борлуулах цэг дээр очин иргэдийн сэтгэгдэл ямар байгааг тодрууллаа.


Борлуулагч Ц.Лхагважаргал:
Өдөрт 5 тонн буюу 200 шуудай хагас коксон түлш ирээд тэр дороо дуусаж байна. Манай дээр хоёр хоног л борлуулагдаж байгаа ч гэсэн авсан хүмүүсээс нь би санал сэтгэгдлийг нь сонсоод байгаа юм. Тэгэхэд дулаанаа сайн барьж, утаа тортог бага гараад, өмнөх сайжруулсан түлшнээсээ илүү цэвэрхэн савлагаатай байна гээд бүгд ам сайтай л байна.
Ер нь айл өрхүүд маань угаар мэдрэгч болоод, зуухныхаа бүрэн бүтэн байдлыг нь сайн хангаад өөрсдөөсөө шалтгаалах зүйлсээ хийвэл асуудал бага гарна шүү дээ.


Хагас коксон шахмал түлшийг хоёр хоног хэрэглэж үзсэн иргэдийн сэтгэгдэл:
- Манайх хоёр хоног л хэрэглэж байна. Гэхдээ дулаан барилтын хувьд маш сайн юм шиг санагдсан. Хэт хүйтрээгүй байгаа болохоор яг сайн хэлж мэдэхгүй байгаа ч эхний ээлжид өглөө түлшээ хийж гарчхаад л орой нэг хийхэд яг сайхан болж байна.
- Өмнөхөөсөө ялгагдах юм их байхгүй ч дулаан барилтын хувьд сайн юм уу гэж дүгнэлээ
- Өмнө нь сайжруулсан түлш долоон ширхгийг машиныхаа тээшинд хийгээд багтчихдаг байсан юм. Энэ савлагаа нь илүү том болсон юм шиг байна.


Хэрэглэж үзсэн хүмүүсийн сэтгэгдэл ийм байсан бол анх удаа хагас коксон түлшийг хэрэглэхээр худалдан авч буй тус хорооны ахмад настан Б.Адъяадолгорынд даган очиж түлш хэрэглэж буй эхний сэтгэгдлийг нь тодрууллаа. Тэрбээр:
Өмнөх сайжруулсан түлшний уут нь нүхтэй энд тэндгүй нүүрс болгочхоод байдаг байсан юм. Энэ шинэ түлшний савлагаа нь бүтэн, дээрээ бүх тайлбар зөвлөгөөгөө оруулаад өгчихсөн байна.
Сайжруулсан түлш нь тортог хөө ихтэй байсан бол хагас коксон шинэ түлш нь тортгийн хувьд бага санагдлаа. Мөн илүү хурдан ноцож өгдөг юм байна.
Цахим орчноор хүмүүс угаартаж байна гэхийг сонсоод шөнө хүртэл айдастай зуухаа байн байн шалгадаг. Утаа мэдрэгч дуугарах үед нь угаар гарч байна даа гээд салхи оруулдаг. Ер нь өөрөөсөө шалтгаалах бүх зүйлсээ хийсэн дээ.


Үнийн хувьд 1200 төгрөгийн зөрүү гэдэг чинь тэтгэврийн мань хэдэд асуудал үүсгэж байгаа юм л даа. Гэхдээ илүү удаан хэрэглэгдэж, дулаанаа сайн барьж байвал болж л байна.
“Түлш авах гээд ойр хавиараа хайгаад олдохгүй арай гэж л олж авлаа. Худалдан борлуулах цэгүүдээ илүү олон болговол зүгээр байна”
Ийнхүү бид 7 хоногийн дараа түүний гэрт дахин очиж хагас коксон шинэ түлш ямар байгааг тодруулан хүргэх болно.







