
-МАН-ынхан эмо, төсөв эзгүй-
МАН-ын бүлэг хуралдалгүй хоёр дахь долоо хоногтойгоо золголоо. Цагаан байрандаа МАН даргаа сонгосон өдрөөс хойш хоёр хуваагдсан. Парламент нь хүртэл хоёр хуваагдаж, улс төр галзууртлаа халав. Намынх нь асуудлаас болж төрийн ордонд тодорхойгүй байдал үүсээд байхад МАН-ын Удирдах зөвлөл ч хуралдсангүй. Уг нь бол намын улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралын асуудлаар МАН-ын удирдах зөвлөл санал дүгнэлт гаргах эрх, үүрэгтэй. Удирдах зөвлөлийнх нь гишүүд “Хурал зарлахгүй юм байх даа” хэмээн намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг “хайсан” шиг ээ л…Г.Лувсанжамц гишүүний хэлсэнээр МАН-ын ах нар хэзээ эморч дуусах юм бол доо.
Өчигдөр /2025.10.13/ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Г.Занданшатарыг огцруулах эсэхийг хэлэлцэх байсан ч ирц хүрээгүй гэх шалтгаанаар хуралдааныг хаалаа. Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарыг огцруулах асуудлыг машид хурдан хэлэлцээд, ирэх оны төсвөө хэлэлцэхгүй бол төсөв хэлэлцэх хуулийн хугацаа хоолойд тулж иржээ. Энэ янзаараа 126 гишүүнтэй энэ парламент 11 сарын 15-наас өмнө 2026 оны төсвөө хэлэлцэж, баталж чадах уу гэдэг нь сэтгэл зовоосон асуудал.
АН-ын гишүүд 2026 оны төсвийн төслийг буцаах уу. Тэд ямар сайжруулалт хүсэж байна вэ гэдгийг тодрууллаа.
О.Цогтгэрэл: АН-ын бүлгээс бол Засгийн газарт “Төсвөө буцаа” гэдэг шаардлага тавьж байгаа. Буцаана гэдгийг ард иргэд буруу ойлгоод байх шиг байна. “Төсвөө сайжруулаад гурав хоногийн дотор оруулаад ирээ” гэсэн шаардлагыг АН-ын бүлэг тавьж буй. Энэ шаардлага хэвээрээ, хүчинтэй байгаа.
Х.Тэмүүжин: Төсөв хэлэлцэх хугацаа яваад л байдаг. Төсөвтэй холбоотой хэлэлцүүлгүүд цаг хугацаандаа амжихгүй, “явахгүй” байна. Гишүүд “Төсвийг буцаачихмаар байна” гэж ярьж байна. Гэвч энэ төсвийг хэн дахиад боож оруулж ирэх билээ гэсэн асуулттай л…
Төсөв хугацаандаа батлагдаагүйтэй холбоотой УИХ тарах ямар ч хуулийн заалт байхгүй. Бусад улс оронд иргэдийнх нь амьдрал төсвөөс хамаарал багатай. Төр нь төсөвтэй байна уу, үгүй юу юмс явдгаараа л явж байдаг. Монголд харин эсрэгээрээ бүх юм төсөв дээр овоорчихдог. Монгол Улсын төсөв шийдэгдэхгүй л бол компаниуд ажилгүй байх хэлбэр рүү орчихсон. Эдийн засгийн хувьд энэ маш буруу. Бид төсвөө амжиж хэлэлцэхгүй бол энэ улс орон “зогслоо” гэдэг айдастай байна.
Гудамжинд багш, эмч нар “Бидний цалин амьдралд хүрэлцэхгүй байна. Шударга үнэлэгдэхгүй байна” гэдгээ хэлж байна. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулалт, менежмент гээд олон зүйл буруу байжээ. Ер нь бол улстөрчид энэ хоёр салбарыг дандаа бялууны хэлтэрхий болгож, шагнал болгож өгсөн болохоос биш энэ салбаруудад бодитой асуудлыг шийдэх хүн тавьж байгаагүй. Түүний гороор энэ салбарууд одоо ямар түвшинд очсон байна. Иргэндээ ч үйлчилгээгээ чанартай үзүүлж чаддаггүй, дээр нь ажиллаж буй хүндээ ч урам зориг өгч чаддаггүй салбар болж хувирчээ.
Хоёрдугаарт, ахмадууд “Авч байгаа тэтгэвэр амьдралын чанарыг дээшлүүлэх, ядаж байгаа түвшинд нь барих хэмжээнд байж чадахгүй байна” гэж байна. Тэгэхээр бид эдгээрийг 2026 оны төсвөөрөө зоригтой шийдэх хэрэгтэй.






