Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг томилж байгаагаа өнгөрөгч мягмар гарагт /2025.09.30/ “Ард түмэндаа хандан мэдэгдэл” хийж, зарласан. Гэвч ХЗДХ-ийн сайдаар ажиллаж буй Л.Мөнхбаатар уг шийдвэрийг огт мэдээгүй байсан бөгөөд өнөөдөр буюу долоо хоногийн дараа хэвлэлийн өмнө ил гарч ирэн өөрийн байр суурийг илэрхийллээ.
Түүний ярианаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
- Хууль зүйн салбарын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
- Ерөнхий сайд Г.Занданшатар ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилсон талаарх мэдээллийг хэвлэлээс харсан. Тэр өдрийн өглөө бид уулзаж, салбарын төсвийг дэмжсэн асуудлыг танилцуулахад баяр хүргэе гээд гар бариад салсан.
- Танхимын гишүүнээ чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Миний тухай шийдвэр гаргаж байгаа бол надад хэлж болно. Энэ бол Г.Занданшатар, Л.Мөнхбаатар гэдэг хоёр хүний харилцаа биш Төрийн харилцаа шүү дээ.
- Бид гэмгүй л харилцаатай явж ирсэн. Эр хүмүүс эргээд уулзах нүүр, дахиад уулзах даваатай л амьдарвал зүгээр шүү дээ. Хувь хүнийхээ хувьд уаахан хударгагүй зүйл болчихлоо л гэж харсан.
- “Ард түмэндээ хандсан мэдэгдэл” гэж ахадсан нэртэй мэдээлэл хийж, намайг чөлөөлж, Б.Энхбаярыг томилсон тухай л байсан.
- Би ХЗДХ-ийн сайд болоод Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй гэсэн зарчмыг баримталсан. Энэ маань Г.Занданшатар сайдын явуулах гэж байгаа улс төрийн үйл ажиллагаанд саад болсон учраас намайг чөлөөлсөн гэж ойлгосон.
- Ерөнхий сайд шударга ёсыг хүсэж байгаа бол хуулийн байгууллагуудыг хараат бус ажиллах нөхцөлийг бүрдүүлж, дэмжих юм бол шударга ёс тогтоно. Улс төрөөс хараат байвал шударга бус болно.
- Популизм бол шийдэл биш. Шийдэл бол хууль, шийдэл бол хууль дээдлэх зарчим. Энийг л баримтлах ёстой. Хэн ч Хууль зүй, дотоод хэргийн сайд болсон энэ зарчмаа баримтлаад явах ёстой.
- Нүүрсний сонсголын дараа холбогдох баримт материалыг Цагдаа, Тагнуул, Авлигатай тэмцэх газарт хувийг нь хүргүүлсэн. Прокурорын зүгээс Цагдаагийн байгууллагад байгааг Авлигатай тэмцэх байгууллага нэгтгэх шалгах нь зүйтэй гэж шийдвэр гаргасан. Иймээс цагдаагийн байгууллага эрх хэмжээ байхгүй болсон. Тэгэхээр ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шалгах эрх хэмжээ байхгүй гэж ойлгож болно. Ингэхээр сайдыг томилоод асуудлыг шийдвэрлэж чадах уу гэдгийг би ойлгоогүй.
- Улс төрчид өөрсдөө улс төрийн зодооны индэрийг хуулийн байгууллага болгож болохгүй. Хуулийн байгууллага хараат бусаар ажиллаж, шударга ёсыг сахиулдаг байх ёстой. Хэрвээ ингэж чадахгүй улс төрийн нөлөөнд орвол шударга ёс алга болно.
- Шударга ёс гэдэг бол хүчтэй, сүртэй ярьж байгаад биш Үнэн байхад л оршдог. Улс төрчид хууль дээдлэх зарчмаа баримталж ажиллаасай л гэж хүсэж байна.






