
Монголын кино урлагт шинжлэх ухааны үндэслэлтэй, монголд байхгүй өнгө аяс, шинэ төрхийг харуулсан AI продакшны анхны “Тэг цэг үйлдэл” кино өнгөрөгч долоо хоногт нээлтээ хийж, өнөө бүх кино театруудаар үзэгчдийн хүртээл болж байна.
МУСТА, Жүжигчин Ц.Ганзориг, жүжигчин Э.Алдар нар уран бүтээлийн хамтралаа албан ёсоор нэгтгэн AI продакшныг эхлүүлсэн бөгөөд уг кинон дээр продюсер, найруулагчаар нь ажиллажээ.

Уг кино үзэгчид төдийгүй кино шүүмжлэгчид, судлаач, найруулагчдаас өндөр үнэлгээ авч, дуулиан шуугиантай байна.
Монголын кино урлагийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн найруулагч, уран бүтээлчид уг киноны талаар хэрхэн дүгнэж буйг тоймлоё.
Тэг Цэг Үйлдэл, Тэнд биш Энд…
Энэ төрлийн кино үргэлж оньсого байдаг, хамгийн чухал зүйл нь мэдээж зохиол. Гэхдээ тухайн кино өөрөө нууцлаг гэмт хэргийн төрөл биш, зөгнөлт шинжлэх ухаан хослуулсан драм зохиол, маш сайн үйл явдал, богино тайлал, дамжин үргэлжлэл, нэг биш нэлээд хэдэн эргэлтийн цэгүүдээр дүүрэн байсан нь үзэгчдийг сэтгэл хангалуун байлгав.
Сүүлийн хэдэн жил Монгол кино муу, үзэх шаардлагагүй хайран мөнгө, цаг зав гэдэг үүсмэл давалгаа үзэгчдийн дунд бий болсон билээ. Харин энэ удаа “та харамсахгүй” гэх үгийг бардам хэлэх кино болжээ.
Тэр тусмаа ижил төсөөтэй сэдэв бүхий гаднын кинотой ижил түвшинд харьцуулагдах бүтээл аж. Хэдий хийсвэр, шинжлэх ухаан, зөгнөлт төрлийн гэх боловч “Crime thriller” жанрт олигтой дэвшил гаргаж, чадахгүй гэсэн байр суурийг найруулагч П.Дэлгэрбаяр “95 Зүүдний хүн” УСК бүтээлээрээ хөдөлгөж байсан бол харин энэ удаа найруулагч Э.Алдар хэдэн шат ахиулж өндөр босго тогтоолоо.
Итгэл
Зохиол нь итгэмээргүй зүйлийг бидэнд нээж өгч буй тул, таны итгэл бишрэл мөн хийгээд огт үнэмшилгүй зүйлийг ч байж болох хувилбар хэмээн харуулна. Үүнийг шинжлэх ухаан руу ч бас ойртуулж тайлбарлаж байгаагаа цэвэрхэн хавчуулсан байгаа юм.
Ц.Ууганбаярын “Түүнтэй амьдарсан долоо хоног” өгүүллэгээс сэдэвлэн олон хүний хамтын ажлаар ур хийц сайтай, бүхий л холбоосууд нарийн ажиллагаатай, их цэвэрхэн уялдуулан зохиолоо буулгасан байгаа юм. Ингээд л болох нь гэсэн бүхэнд шинийг тавиад ирж байгаа нь таатай.
Энэ бүхнээ өнөө цагийн эмзэг сэдвүүдтэй нуршихгүй ойлгомжтой тод холбож, үнэхээр уур хүргэж гомдол тээлгэж өөрсдийнхөө хөгийн амьдралд уур хүрч нийгэмдээ гэмшиж байлаа. Бяцхан зүрх гомдоод одохдоо бичсэн захиа, тухайн үйл явдлын үед үнэндээ нүдэнд минь нулимс цэлэлзэн дүүрээд бусдад болон өөртөө гомдол тээж байлаа.
Бид аймшигтай галзуу нийгэмд, асар их хороор утуулсаар юу ч өөрчлөгдөхгүй дуусах юм гэж үү хэмээн зүхэл төрч байв. Гэвч ингэж нийгэмд шууд хандсан уран бүтээлч нар байх нь, хэлэх үгтэй, хийсэн бүтээл нь чанга дуугарч байхад итгэл төрнө.
Эргэлзээ
Эрт тайлагдах, энд хүрээд зохиол, найруулга цааш ойлгомжтой юм боллоо гэсэн маш олон таамаглал хурдтай эргэлтүүдэд алдагдахтай зэрэгцэн жүжигчин М.Төгөлдөрийн ур чадвар үнэн бодит байх нь өөртөө бүрэн автуулж байх юм.
Цөөхөн дүрүүдтэй энэхүү кинонд эрхэм С.Ариунбямба жүжигчин та бол гайхалтай, яаж тэгж дотроосоо, өөрөөсөө хувирч чаддаг юм бэ? Зөөлөн нь зөөлөн, хатуу нь хатуу, хайлмаг нь хайлмаг, урлаж шаглах ухааны бүтээгдэхүүн аж.
Жүжигчин У.Уянга ч бас өөрийнхөөрөө гоё дулаан байсан, түүний нэгэн гайхалтай чадвар нь энгийн бөгөөд үзэсгэлэнтэй дүрийг бүтээдэг юм. Бүтэн киноны ихэнх цагийг нуруун дээрээ авч гарсан гурван жүжигчин хэн нь ч хэн рүүгээ орсонгүй, дарсангүй, дарагдсангүй.
Тэг цэг үйлдэл тэнд дэлгэц дээр биш энд болж байна.
Кино найруулагч, шүүмжлэгч, уран бүтээлчдийн уг киноны талаарх сэтгэгдлээс:
СГЗ, Сэтгүүлч Г.Золжаргал:
“Монгол улсад кино урлаг үүсч хөгжсөнийн 90 жилийн ойн босгон дээр 21-р зууны шинэ залуу киночдын бүтээл цаг хугацаа өөрчлөгдөж, уран бүтээлчид өөрөөр сэтгэж урлаж эхэлсэн гэдгийг харууллаа”
Кино зохиолч, найруулагч, продюсер А.Миеэгомбо:
“Учир зангилааг нь тайлж чадамгүй хачин сонин явдлаас болж олон дахин давтагдах нэг үйл явдал…Үүсэл нь чухам юу болохыг эрэн хайх Тэнгис, Хүслэн хоёр. Тэдний араас цөхрөлтгүй элдэх Гантөгс. Цаг хугацааны шоглоом юм уу, time loop ч юм уу, эсвэл бүр closed timelike curve ч юм уу, ёстой сонирхолтой…
Зохиолын баг хөгжүүлэлт дээрээ сайн ажиллаж. Сайн ч зохиол болж. Монголд ер нь ийм төрлийн кино ховор хийгддэг. Физикийн хуулийг хууль зүйтэй хослуулсан тун өвөрмөц бүтээл болжээ”






