
Монгол ардын намын даргын төлөөх “зодоон” 2 улс төрчийн дундах маргаанаас хэтрээд төрийн хямрал руу чирч эхэллээ.
Бүтэн нэг сар шахуу Монголчууд энэ ойлгомжгүй улс төрийн нөхцөл байдалд үнэн худал нь үл мэдэгдэх мэдэгдэл, мэдээлэл дунд төөрч явлаа.
Эцэстээ онилсон гүтгэлэг нь төрийн сайдын томилгоогоор нэгнээ “хонгилдох” ажиллагаа болж байх шиг…
Өнгөрөгч долоо хоногт төрийн эрх барих дээд байгууллага болох парламент нь хуралдаж чадсангүй. Харин өнөөдөр нэр бүхий гишүүд Засгийн газрын огцруулах бичигт өгөхөөр болж…
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичгийг П.Сайнзориг тэргүүтэй гишүүд өргөн барина гэх.
Тэрбээр өнгөрөгч долоо хоногт Засгийн газарт наймдугаар сард баталсан АМНАТ-тэй холбоотой асуудлаар асуулга тавьж буйгаа мэдэгдсэн.
Ингэхдээ,
Улсын төсөвт АМНАТ-өөс олох 200 тэрбум төгрөгийн боломжийг хаасан тогтоолыг Засгийн газар баталсан. Улмаар ҮХЦ-д ч хандах бодолтой байгаа хэлсэн.
Товч тайлбарлавал,
2016 оны 465 дугаар тогтоолд 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт оруулж жонш, төмөр, нүүрсний АМНАТ-ыг энэ Засгийн газар бууруулж Үндсэн хууль болон бусад олон хуулийг зөрчсөн.
Ингэснээр нүүрснээс л гэхэд улсын төсөвт орох 200 тэрбум төгрөг хаачсан бэ?
-Уг тогтоолын
– 3.11.Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүний дөрөвний нэг, түүнээс дээш хувийг Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан тухайн төрлийн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад заасан Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааны үнээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна. (Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоолоор нэмсэн бөгөөд үүнийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө)
– 3.12.Энэ журмын 3.11 дэх заалтыг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө. (Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоолоор нэмсэн)
Тэгвэл энэ асуудлын хүрээнд тэрбээр Ерөнхий сайдыг огцруулах бичигт өөрийн бланк дээр гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд одоогоор УИХ-ын 40 гаруй гишүүн зурсан гэх мэдээлэл байна.
Уг албан бичгээ өнөөдөр өргөн барихаар болжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр 4-т зааснаар Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулдаг.
Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөдөг байхаар хуульчилсан.
Долоо хоногийн өмнө Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-н сайдаар томилсон тухай мэдэгдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж УИХ-ын гишүүн П.Сайнзориг үзэж буйгаа мэдэгдсэн.
Ингээд Г.Занданшатар сайдын хувьд Үндсэн хууль зөрсөн гэх 2 үндэслэл буй болов.
Нөгөө талд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дахин гарч ирж мэдэгдэл хийж, улс төрийн нөхцөл байдалд өөрийн зүгээс тайлбар хийж, сайдаар томилогдож мэдэхээр байгаа Б.Энхбаяр гишүүнийг цагдаагийн байгууллагад гомдол гарган өгсөн гэдгээ хэллээ.
Тэгэхээр Б.Энхбаяр гишүүн ХЗДХ-н сайдаар томлогдох уу? УИХ-ын даргынхаа гаргасан гомдлын дагуу хуулийн байгууллагаар шалгагдах уу? гэдэг нь ирэх өдрүүдэд тодорхой болно бизээ…
Мөн өнгөрөгч долоо хоногт хэн нь хэний хүн бэ гэдэг нь их тодорхой боллоо. Учир нь тэд төрийн ордонд нэгдэн нийлж мэдээлэл хийн, үүссэн нөхцөлд улс төрийн тайлбар хийж буйгаас нь тод харагдсан.
Улс төрд найз гэж байдаггүй зөвхөн эрх ашиг л гэж бий гэх үг байдаг. Нэгэнт “УЛААН ЗУРААС” давсан Д.Амарбаясгалан, Г.Занланшатар нарын тэмцэл хаалттай хаалганы цаана нэг талдаа гарвал яах уу?
Хэрэвзээ Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёр гар барьж, тохиролцохоор болбол Д.Амарбаясгалан “Нүүрсний хулгайч” гэдэг нэртэй үлдэхийг хүсэхгүй. Гэвч олон нийт Б.Энхбаяр Д.Амарбаясгаланг гүтгэв үү, эсвэл Д.Амарбаясгалан гүрийв үү гэдгийг мухарлаж л таарна.
Намаасаа хөөгдсөн, захиалагчийнхаа жадны үзүүр дэх хор болсон, сайдын томилгоо нь үндсэн хуулийн зөрчилтэй гээд Б.Энхбаяр гишүүн дээр ярих юм үнэндээ л их. Ядаж л өнөө эр хүний ноён нуруу, ар хударга гээд л Монголчууд ярих байх.
Чин үнэн нь юу гээч? Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёр гар барьж, тохиролцоонд хүрэхээр болбол тэр цагаас Б.Энхбаяр гишүүн шиг хэрэггүй хүн байхгүй болно.






