
Индонезийн Зүүн Жава мужийн Сидоаржо хотод нурсан шашны сургуулийн нурангин дор үлдсэн хүмүүсийг аврагчид амь үрэгдсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тус сургуулийн барилга өнгөрсөн даваа гарагт нурсан ба барилга нурах үед барилгын нэг давхарт 100 гаруй сурагчид мөргөл үйлдэж байжээ.
Эрэн хайх, аврах ажиллагаа эхэлснээс хойш аврагчид 10 гаруй хүүхдийг нурангин доороос гаргаж авч чадсан ч өнөөдрийн байдлаар 59 хүүхэд олдоогүй хэвээр байгаа аж.
Сургуулийн барилгын бүтэц тогтворгүй байгаа нь эрэн хайх, аврах ажиллагааг хүндрүүлж байгаа ба өнгөрсөн лхагва гарагт нурангин доороос хүн хашгирах, уйлах чимээ сонсогдож байсан бол пүрэв гарагт аврагчид нурангин дор амьд үлдсэн хүмүүс байгаа эсэхийг шалгахаар дулаан мэдрэгч дрон ашигласан ч дрон амьд хүн байгаа шинж тэмдэг илрүүлж чадаагүй байна.

Аврах ажиллагааг удирдаж буй албан хаагчид шинжлэх ухаан талаас нурангин дор үлдсэн хүмүүс амьд байх боломжгүйг онцолжээ. Тийм учраас аврах багийнхан хүнд машин техник ашиглан нурсан бетон ханануудыг кранаар өргөн холдуулж, эсвэл жижиг жижиг хэсэгт хувааж цэвэрлэх ажилдаа орж эхлэх гэж буйгаа мэдэгдсэн байна.
Сургуулийн барилга нурах үед сургуулийн барилга дээр нэмж хоёр давхар барих өргөтгөлийн ажил явагдаж байжээ. Шинжээчид урьдчилсан байдлаар барилгын суурь тогтворгүй, дээрээс нь даац хэтэрсэн учир барилга нурсан гэж дүгнээд байгаа ба сургуулийн удирдлагууд сургуулийн барилга дээр өргөтгөл барих зөвшөөрөл аваагүй байсан гэжээ.
Эх сурвалж: bbc.com






