
УИХ-ын гишүүн, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар “УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх асуудал Бага хурал дээр яригдсан. Бага хурлын 100 гаруй гишүүдээс түүнийг хөөх гарын үсэг цуглуулж өгнө гэх мэдээлэл байна” хэмээсэн.
Түүнийг ийн ярьсны ар дээр Б.Энхбаяр “Б.Баярбаатар дүрдээ бага ор. Үлгэрийн баатар юм уу. Намын Хяналтын хорооны даргын ажлыг УИХ-ын гишүүнтэй хавсран хийж, хууль зөрчиж байгаа хүн шүү” гэсэн юм.
Б.Энхбаярыг намаас “хөөх” эрх хэнд бий вэ?
МАН-ын намын хяналтын Ерөнхий хороо гэж бий. 21 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэйгээр намын Их хурлаас дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар сонгодог.
Намын хяналтын байгууллага нь:
- Намын гишүүдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх
- Нам, түүний гишүүдийн нэр төрийг хамгаалах, Монгол Ардын Намын нэр хүндийг гутаан доромжлох зорилгоор тараасан мэдэгдэл, мэдээлэлд намын хэвлэл мэдээлэл хариуцсан нэгжтэй хамтран тухай бүр хариу өгөх зэрэг олон эрх, үүрэгтэй.
2021 онд МАН Их хурлаа хийхэд сонгогдсон Хяналтын ерөнхий хорооны гишүүдтэй танилцацгаая. Тэд бол Б.Энхбаярыг МАН-аас “хөөх” эсэхийг шийдэх эрхтэй хүмүүс гэсэн үг.
- Б.БАЯРБААТАР /Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга, МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дарга/
- Б.БАТТҮШИГ /МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга, Ёс зүйн хорооны дарга/
- М.АМАРТҮВШИН /МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны гишүүн/
- Х.БААСАНЖАРГАЛ /Улсын Их Хурлын гишүүн/
- Л.БАТСҮРЭН /МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны гишүүн/
- С.БАНЗРАГЧ /МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны гишүүн/
- Б.БАТБААТАР /МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны гишүүн/
- Б.БАТЗАЯА /МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны гишүүн/
- О.БАТЧУЛУУН /МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны гишүүн/
- Х.ГЭРЭЛТ-ОД /МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны гишүүн/
- Ц.ПҮРЭВХҮҮ /МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны гишүүн/
- Н.САЙНБУЯН /МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны гишүүн/
- Ц.СҮХБААТАР /МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны гишүүн/
- Д.ТҮВШИНЖАРГАЛ /МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны гишүүн/
- Ц.ТӨМӨРХҮҮ /МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны гишүүн/
- Б.ХЭРЛЭН /Улсын Их Хурлын гишүүн/
- Л.ЦЭНГҮҮНЖАВ /МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны гишүүн/
- Д.ЭНХБОЛД /МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны гишүүн/
МАН-ын дүрэмд “Дараах тохиолдолд Хяналтын Ерөнхий Хорооны тогтоолоор гишүүнчлэлийн эрхийг хугацаатай болон хугацаагүйгээр түдгэлзүүлнэ” гэж заажээ.
Нэгдүгээрт, илтэд ёс зүйн зөрчил гаргасан;
Хоёрдугаарт, ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан;
Гуравдугаарт, авлигын гэмт хэрэгт холбогдсон; хангасан тохиолдолд
Хэрэв Б.Баярбаатарын хэлсэнчлэн Бага хурлын гишүүдээс Б.Энхбаярыг намаас хөөх гарын үсэгтэй өргөдөл ирвэл Хяналтын хорооны хуралдааныг дарга нь буюу Б.Баярбаатар хурлыг зарлана. Хуралдаанд оролцож буй гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж тогтоол гаргах учиртай. Гэхдээ МАН-ын Их хурлаас өмнө Б.Энхбаярыг хөөх намын гишүүдийн гарын үсэгтэй цаас ирэх үү гэдэг нь эхний асуулт. 11 сарын 15-нд товлогдсон МАН-ын Их хурлаар дээрх 18 гишүүний оронд өөр хүмүүс орж ирнэ. Шинээр бүрдэх намын хяналтын Ерөнхий хорооны гишүүд дотор Б.Энхбаяртай ойр хүмүүс орж ирвэл түүнийг “хөөх” нь талаар болох нигууртай. Гэхдээ энэ МАН бүр замхарлаа. Намын даргын суудлаас болж бие бие рүүгээ улам л ноцож байна. Уржигдархан ордны нэг жигүүрт “Б.Энхбаярыг намаас хөөнө” гэж ярьсан байтал өчигдөр ордны нөгөө жигүүрт нь “Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилохоор боллоо” гээд Ерөнхий сайд нь кабинетдаа урьж байх юм. Намын даргад Б.Энхбаярыг Дээд шүүх бүртгэх процесс өрнөх гэж буй энэ цаг үед Ерөнхий сайд Г.Занданшатар Б.Энхбаярын гараар Д.Амарбаясгаланг бариулахаар шийджээ.






