
АНУ-ын Мичиган мужийн Гранд Бланк хотод байрлах Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүм рүү ням гарагийн өглөөний мөргөлийн үеэр зэвсэгт этгээд машинтайгаа дайран орж, гал нээсний улмаас багадаа 4 хүн амь үрэгдэж, 8 хүн шархаджээ.
Гранд Бланк хотын цагдаагийн газрын дарга Уилльям Реньегийн мэдээлснээр сэжигтэн 40 настай эрэгтэй нь Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүмийн хаалгыг машинаараа дайран орсныхоо дараа, сүм дотор байсан олон арван иргэд рүү автомат буугаар буудаж, сүм дотор гал тавьжээ.
Сэжигтнийг хэргийн газар ирсэн цагдаа нар буудан хөнөөсөн байна. Шархадсан иргэдийн долоогийнх нь биеийн байдал тогтвортой, нэг иргэний биеийн байдал хүнд байгаа аж Сэжигтний уг халдлагыг үйлдэх болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр АНУ даяар галт зэвсгээр багадаа 4 ба түүнээс олон хүнийг хөнөөж эсвэл шархдуулсан гэмт хэрэг хэд хэд бүртгэгджээ. Өнгөрсөн бямба гарагт Хойд Каролина мужид далайн эрэг дагуу байрлах цэнгээний газарт цугласан иргэд рүү зэвсэгт этгээд завин дээрээс гал нээж, 3 хүний аминд хүрч, 8 хүнийг шархдуулсан байна.
Техас мужид байрлах казинод зэвсэгт этгээд гал нээж, 2 хүний аминд хүрч, 5 хүнийг шархдуулан, хэргийн газраас зугтсан бол Нью Орлеан хотын алдарт Бурбон гудамжинд болсон буудалцааны үеэр 1 эмэгтэй амь үрэгдэж, 3 хүн шархаджээ.
2025 оны 271 дэх өдрийн байдлаар АНУ-д багадаа 4 ба түүнээс олон хүн галт зэвсгийн хохирогч болсон 320 хэрэг бүртгэгджээ.
Эх сурвалж: theguardian.com






