
ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак ОХУ-ын бензин, дизель түлшний экспортын хязгаарлалтыг энэ оныг дуустал сунгаж, дизель түлш үйлдвэрлэгч бус нийлүүлэгч компаниудад энэ оныг дуустал дизель түлш нийлүүлэхийг хориглож буй талаар сэтгүүлчдэд мэдэгджээ.
Түүний хэлснээр бензин, дизель түлшний экспортын хязгаарлалт нь засгийн газар хоорондын гэрээгээр ОХУ-аас түлш импортолдог орнуудад хамаарахгүй аж.
Москва бензин, дизель түлшний хомстлоо логистикийн асуудалтай холбож, дээрх шийдвэрээ дотоодын зах зээлийн түлшээр хангах зорилготой гэж тайлбарлаж байгаа ч олон улсын ажиглагчид Киев Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд, шатахуун түгээх станцууд, шатахуун ачсан галт тэрэгнүүдэд дроны цохилт үзүүлэх явдлаа эрчимжүүлснээр ОХУ-д түлшний хомстол үүссэн хэмээн тайлбарлаж байна.
Известия сонинд бичсэнээр зарим мужуудад шатахуун түгээх станцууд иргэдэд бензин болон дизель түлшийг хязгаартайгаар худалдах болсон байна.
Эх сурвалж: CNN






