
Фантастик продакшний жүжигчин Э.Алдар, Маск продакшны жүжигчин Ц.Ганзориг нар хамтран “Ai production”-ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус продакшны анхны уран бүтээл “Тэг цэг үйлдэл” уран сайхны кино 2025.10.03-нд бүх кино театраар нээлтээ хийх гэж байна.
“Тэг цэг үйлдэл” киноны нэрээс эхлээд анхаарал татаж буй. Энэхүү үгийн утга нь бүх зүйл тэг цэгээс эхэлдэг бөгөөд амьдрал үргэлжилсэн ч бүх зүйлийн уулзах эхлэл нь “Тэг цэг” байдаг аж.

Тус кинонд С.Ариунбямба, У.Уянга, М.Төгөлдөр нар гол дүрийг бүтээсэн бөгөөд Ерөнхий найруулагчаар Фантастик продакшны жүжигчин Э.Алдар, ерөнхий продюсероор Маск продакшны жүжигчин Ц.Ганзориг ажиллажээ.


Ц.Ганзоригийн хувьд 2000 онд КУДС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд анхны зургийн дарга, продюсероор нь ажилласан кино нь “Би ээж болмоор байна” уран сайхны кино юм. Түүнээс хойш олон кинонд зургийн дарга, продюсерээр ажиллаж туршлага хуримтлуулсан тэрээр дахин шинэ уран бүтээлд ханцуй шамлан орсон нь “Тэг цэг үйлдэл” уран сайхны кино юм.


Харин тус киноны найруулагч Э.Алдарын хувьд 2007 онд СУИС-г жүжигчин мэргэжлээр төгсөж уран бүтээлээ туурвиж буй бөгөөд хошин урлагийн Өнгөт инээд, Х-түц, Захиалгат инээд хамтлагуудын тоглолтод оролцож байсан. Мөн 2007 – 2016 он хүртэл Маск продакшны жүжигчнээр амжилттай̆ ажиллаж 2008 оноос эхлэн “Fantastic production” -д жүжигчин, найруулагч, зохиолчоор ажиллаж буй. Тэрээр “One night” инээдмийн уран сайхны киног анх зохиолыг нь бичиж найруулж байсан бол тухайн үед нэгэн сайтад орсон ярилцлагадаа “Чадахгүй зүйлдээ шунаж чаддаг болохыг би хичээдэг, найруулагчаа гээд дуудуулахаар эвгүй санагддаг” хэмээн ярьж байсан бол өнөөдөр өвөрмөц өнгө, өнгө төрхтэй дараагийн уран бүтээл рүү гээ оржээ.


“Тэг цэг үйлдэл” уран сайхны кино Dolby Atmos дуугаралтаар гарах юм. Энэ нь уламжлалт орчин тойрны дууны системийг шинэ шатанд хүргэсэн гурван хэмжээст (3D) орчны дууны технологи юм. Энэхүү систем нь дуу чимээг зөвхөн зүүн, баруун, урд, хойноос сонсогдохоос гадна дээрээс, доороос буюу бүх чиглэлээс мэдрэгдэхүйц байдлаар зохион байгуулдаг. Кино уран бүтээлд Dolby Atmos ашигласнаар үзэгч тухайн үйл явдлын яг голомтод, үйл явдал өрнөж буй орчны дунд байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Сум хажуугаар шурган өнгөрч, ард тань дэлбэрэлт болох, бороо дээгүүрээс дуслах, машин дээгүүр хурдлан өнгөрөх зэрэг үйлдлүүд яг бодитоор мэдрэгдэнэ.
Ийнхүү шинэ найруулга, шинэлэг постер, шинэчлэгдсэн дуугаралтаар үзэгч түмний хүртээл болгох гэж буй “Тэг цэг үйлдэл” уран сайхны киног 2025.10.03-ны өдрөөс эхлэн хүлээн авч үзээрэй.






