
“PSG” клубийн довтлогч У.Дембеле “Алтан бөмбөг”-ний эзнээр тодорчээ
Францын шигшээ багийн довтлогч, 28 настай Усман Дембеле оны шилдэг хөлбөмбөгчинд гардуулдаг “Ballon D’or” буюу Алтан бөмбөгний эзнээр тодорчээ. Францын “PSG” клубийн тамирчин тэрээр өнгөрсөн улиралд 53 тоглолтод оролцохдоо 35 гоол, гоолын 14 дамжуулалт хийсний ачаар тус клуб Аваргуудын лигт хожиж, Францын хөлбөмбөгийн лигийн болон Францын хөлбөмбөгийн цомын аварга болсон юм.
Ээжийнхээ хамт тайзан дээр гарч, шагналаа гардан авсныхаа дараа У.Дембеле, “2023 онд намайг багтаа авсан PSG клубт баярлалаа гэж хэлмээр байна.
Клубийн ерөнхийлөгч Нассер Аль Хелаифи миний хувьд аав шиг минь байдаг. Клубийн бүх ажилчид болон надад хамгийн сайнаар ханддаг дасгалжуулагчдаа баярлалаа, мөн багийнхаа бүх гишүүдэд баярлалаа. Та нар намайг зовлон жаргалын аль алинд нь дэмжиж ирсэн. Энэ цом бол бидний багаараа хожсон цом юм шүү.” хэмээн талархлаа илэрхийлсэн байна.
Шилдэг залуу тоглогчийн шагналыг “Barcelona” клубийн хагас хамгаалагч, Испанийн шигшээ багийн тамирчин Ламин Ямаль хүртсэн бол шилдэг клубээр “PSG” тодорчээ.
“PSG” клубийн дасгалжуулагч Луис Энрике Шилдэг дасгалжуулагч, “Manchester City” клубийн хаалгач Жанлуижи Доннарумма Шилдэг хаалгачийн шагналыг тус тус хүртсэн байна. Эмэгтэй хөлбөмбөгчид дундаас “Ballon D’or” шагналын эзнээр “Barcelona” клубийн хагас хамгаалагч Айтана Бонмати 3 дахь жилээ дараалан тодорчээ.
“Ballon D’or” шагналыг 1956 оноос хойш гардуулж байгаа ба хөлбөмбөгийн спортын хамгийн нэр хүндтэй шагнал юм. Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси уг шагналыг хамгийн олон удаа буюу 8 удаа хүртэж байжээ.






