
ОХУ-ын гурван сөнөөгч онгоц Эстони улсын агаарын зайд зөвшөөрөлгүй нэвтэрсэн талаар тус улсын зэвсэгт хүчний төв штабаас мэдэгджээ.
Оросын сөнөөгч онгоцнууд Финийн булан дахь Эстонийн Вайндлоо арлын ойролцоо Эстони улсын агаарын зайд 12 минут орчим болсон ба тухайн онгоцнууд нь Эстонийн агаарын бүсэд нэвтрэхээсээ өмнө тус улсын агаарын хяналтын төвөөс ямар ч зөвшөөрөл аваагүйгээс гадна Эстони улсын агаарын хяналтын төвд хариу өгөхгүй байсан аж. Эцэст нь Эстонийн сөнөөгч онгоцнууд болон Эстони дахь Италийн F-35 сөнөөгч онгоцнууд Оросын сөнөөгч онгоцнуудын ажиллагааг таслан зогсоож, Эстони улсын агаарын зайнаас гаргажээ.
Уг хэрэг явдалтай холбоотойгоор Эстонийн Гадаад харилцааны яам тус улсад ОХУ-аас суугаа итгэмжлэгдсэн төлөөлөгчийг дуудаж, болсон үйл явдалд тайлбар өгөхийг шаарджээ.
Оросын Батлан хамгаалахын яам сөнөөгч онгоцнууд нь олон улсын агаарын зохицуулалтын дүрэм журмыг чанд мөрдөж, нислэгийнхээ явцад ямар ч улсын агаарын хилийг зөрчөөгүй гэжээ.
Эстонийн эрх баригчдын мэдээлж байгаагаар ОХУ энэ он гарснаас хойш Эстони улсын агаарын хилийг 4 дэх удаагаа зөрчиж байгаа нь энэ аж.
Өнгөрсөн 7 хоногт НАТО-гийн хоёр ч гишүүн орон Оросын дронууд агаарын зайд нь нэвтэрсэн талаар мэдэгдсэн билээ. Энэ сарын 10-нд ОХУ-ын 20 орчим дрон Польшийн агаарын зайд нэвтэрч, тэдгээр дронуудыг устгах ажиллагаанд Польшийн болон НАТО-гийн сөнөөгч онгоцнууд оролцсон юм.
Үүнээс 3 хоногийн дараа Оросын байлдааны дрон Румыны ОХУ-тай хиллэдэг бүс нутгийн агаарын зайд орж ирсэн талаар Бухарест мэдэгдсэн билээ.
Дээрх үйл явдлуудтай холбоотойгоор НАТО ОХУ-тай хөрш гишүүн орнуудынхаа хилийн хамгаалалтыг сайжруулах арга хэмжээ авч эхлээд байгаа ба НАТО-гийн зүүн хилийн хамгаалалтыг бэхжүүлэх ажиллагаанд Их Британи, Франц, Герман, Данийн онгоцнууд оролцож байгаа гэжээ.
Эх сурвалж: BBC






