
Арьсаа эмчлүүлдэг шинэ дадал бидэнд хэрэгтэй байгааг сануулан 10 жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлүүлсэн Le Beautique Clinic-ийн Үүсгэн байгуулагч Б.Дэситэй ярилцлаа.
Үл хөгшрөхүйн менежмент гэдэг ойлголт арьс, гоо заслын салбарт сүүлийн жилүүдэд хүчээ авлаа. Бид энэ салбарын хөгжлөөс огтхон ч хоцроогүй гэдэгтээ итгэлтэй байж болох уу?
Арьс гоо заслын салбар зөвхөн Монгол гэлтгүй дэлхийд хамгийн эрчтэй хөгжиж байгаа салбаруудын нэг болоод байна. Мэдээллийн технологийн салбартай эн зэрэгцэхүйц түвшинд хувьсан өөрчлөгдөж, сайжирч байна. 10 жилийн өмнөх энэ салбарын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг өнөөдөр тэс өөр болсон. Харилцагчид маань энэ салбарын хөгжлийг олон улсын түвшинд харж, үнэлж, үйлчлүүлдэг болсон. Тэр хэрээр салбар маань харилцагчийнхаа урд гарч явахын тулд мэдээлэл, мэдлэг, туршлага, үйлчилгээний хувьд тасралтгүй сайжруулалт хийн өөрчлөгдөж байна. Монголчууд бид олон улсын түвшинд үнэлэгдэхүйц олон сайн үзүүлэлтийг богино хугацаанд салбартаа гаргаж чадсан. Тиймээс арьс гоо заслын салбар манайд маш сайн хөгжиж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байж болно.
Арьс гэхээр зөвхөн нүүрний арьсаа бодоод байж болохгүй. Хуйхны арьс, бугалганы арьс гээд 360 хэмд бодож, биеэ эрүүл залуу авч явах менежментийг бид цогц үзүүлэхийн төлөө 10 жил зарцууллаа.
Мэсийн бус аргаар залуу нас, гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдэх бүрэн боломж бий гэдгийг бид үл хөгширч буй эргэн тойрон дахь бодит жишээнүүдээс харж байгаа. Цогц үйлчилгээ үзүүлэхэд дэлхийн гоо сайхны эмнэлгүүд онцгой анхаарч байгаа жишгийг ч мөн хэрэгжүүлж ирлээ.
10 жилийн өмнө арьс, гоо заслын салбарт европ стандарт нэвтрүүлэхээр гараанаас гарч байсныг тань санаж байна. Яагаад заавал европ стандартыг сонгосон юм бэ?
Европ стандартыг сонгох болсон шалтгаан нь урт хугацааны хариуцлагыг тэргүүн зэрэгт тавьсан асуудал. Богино хугацаанд гоё сайхан байхын тухай бус харилцагчийнхаа арьс, гоо үзэсгэлэнг яаж урт хугацаанд эрүүл сайхан байлгаж, бүх биеийг нь 360 хэм эрүүлжүүлэн залуужуулах вэ гэдэг дээр анхаардаг бидний алсын хараа европ стандарттай яг таг нийцэж байсан.
Нөгөө талаар манай эмч мэргэжилтнүүдийн хувьд Европ дахь лабораторитайгаа шууд харьцаад, эмчилгээний үр дүнгээ хуваалцаж судалгаа суурьтай урагшлах нь мезотерапи үйлчилгээ анхлан нэвтрүүлсэн бидний хувьд чухал байсан. Харилцагчийг удаан хугацаанд үнэнчээр үйлчлүүлэх дадал шаардсан хүндрэлтэй ч гэмээр шинэ туршлагыг нэвтрүүлэх гэж тууштай 10 жил хөдөлмөрлөсөн манай хамт олны хөдөлмөр талаар болсонгүй ээ. 10 жилийн өмнө манай хаалгаар орж ирж байсан харилцагчийн маань арьсны чанар, гоо үзэсгэлэн бидний түүхийг бүрэн дүүрэн өгүүлж чадна.
Муухай хүн гэж байхгүй. Гоо сайхандаа цаг, мөнгө зардаг, зардаггүй гэсэн 2 төрлийн л хүн бий гэсэн явган яриа байдаг. Гоо сайхны салбарын үнэ өртөг сүүлийн жилүүдэд хэр хувьсан өөрчлөгдөж байна вэ?
Үнэ өртгийн хувьд, олон улсад эмчийн ур чадвараас хамаарч үнэ янз янзаар тодорхойлогддог. Яг ижил савтай, ижил үйлчилгээтэй тарилгыг Миланд Монголоос 10 дахин өндөр үнээр хийлгэхийг үгүйсгэхгүй. Монгол эмч нар туршлага, мэдлэг, мэдрэмжийн хувьд олон улсын түвшинд гологдохооргүй явж байгаа ч ур чадвараа хэт дөвийлгөн өндрөөр үнэлдэг нийгмийн үнэ цэн, амьдралын боломж бололцоо нь бүрдээгүй байна. Шинэ хөгжиж байгаа салбарт бид харилцагчаа өндөр үнээр үргээчих вий, нэг ч гэсэн хүн арьсаа эмчлүүлдэг зөв дадалтай болчихоосой гэсэн суурь итгэл үнэмшлээрээ 8 жил үнээ нэмэлгүй, тогтвортой үнийн бодлогоор явсаар өнгөрсөн жил ханшийн савлагаа, татварын таагүй орчин зэргээс хамаарч зохих түвшинд үйлчилгээнүүдийнхээ үнийг нэмсэн. Манай салбар харьцангуй сонголт өргөнтэй болсон. Мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэ цэнээ мэдэрдэг харилцагч үнийн мэдрэмж харьцангуй бага байдаг. Гаднаас Монголд ирэхдээ харьцуулшгүй хямд байгаа давуу талыг мэдрээд боломжит бүх үйлчилгээнүүдээ аваад явдаг харилцагч олон.
Чанартай үйлчилгээг хүртээмж өндөртэйгөөр хүргэхийн тулд бид шинэ шийдэл, хувилбарууд гаргаж байгаа. 10 жилийн туршлага, харилцагчийн зан үйл гээд өөрсдийн бий болгосон датанууд дээрээ суурилан үнэ бууруулах боломжуудыг бид дараагийн 10 жилд эрэлхийлэх болно.
Тухайлсан олны танил хүмүүсийг брэнд төлөөлөгчөөрөө ажиллуулдаг танай эмнэлгийн тухайд брэнд төлөөлөгчдийнх нь зүс царай их зүйл өгүүлдэг байх. Тэдэнтэйгээ хэр ойр хамтарч, анхаарал халамж тавьж ажилладаг вэ?
Гартаа амжилт, гадаад төрхөндөө итгэл нэм уриатайгаар бид 2016 онд анхны 10 брэнд төлөөлөгчөө олон нийтэд танилцуулсан нь бодит харилцагчийн түүхийг олон нийтэд хуваалцсан, эргээд харилцагчийн тоо огцом нэмэгдүүлсэн амжилттай хөтөлбөр болсон. Гол нь гоё сайхан арьстай, гоо үзэсгэлэн байх нь эмэгтэй манлайлагчдын ажил, бизнесийн амжилтад эерэг нөлөөтэйг бид харуулахыг зорьсон. Зорилгодоо ч хүрсэн. Зөвхөн сурталчилгаанд зургаа авахуулсан асуудал биш эргээд брэнд төлөөлөгчид маань нэг нэгнийхээ ажил бизнесийг дэмждэг эерэг нөлөө бүхий нэгдэл бий болсон. Брэнд төлөөлөгчдийнхөө хэнийх нь ч 10 жилийн өмнөх төрхийг өнөөдрийнхтэй харьцуулаад бид бардам байж чадна. Арьсаа эмчлүүлдэг зөв дадлыг тэд нийгэмд түгээхэд маш том нөлөө үзүүлсэн.
Монголын арьс, гоо заслын салбарын хөгжлийг дэлхийн жишигт ойртуулахын тулд судалгаа суурьтай ямар ажлууд хийсэн бэ?
Хамгийн анх бид Испанийн Тоскани косметикстой хамтран бүтээгдэхүүн суурьтай үйлчилгээг Монголд хамтран нэвтрүүлсэн. Үүнээс хойш бид Швед, Итали, Украйн, Франц, Турк гээд дэлхийд шинээр нэвтэрч буй шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг Монголынхоо зах зээлд нэвтрүүлж, шинэ ур чадваруудыг эмч нартаа тогтмол суулгаж ирлээ. Хамгийн сүүлд Токиогийн Гинза дахь эмнэлгээс албан ёсны эрхтэйгээр үүдэл эсийн эмчилгээ оруулж ирсэн. Гадагшаа явж хийлгэдэг гоо сайхны эмчилгээнүүдийг эх орондоо авах боломжоор хангаж, энэ нь дотоодын эдийн засагтаа бага ч болов хувь нэмэр оруулж, өндөр дүнтэй хийгдэж буй гадаад гүйлгээнүүдийг эх орондоо авч үлдэх нь бидний нийгмийн хариуцлага.
Зөвхөн нэг франчайз эрхийн дор нэг л брэндийн бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэхээс илүү бид нэрнийхээ утга учир буюу нэг саванд баялаг орцтой сайн бүхнийг нэгтгэн хүргэх нь Le Beautique-ийн үндсэн үзэл санаа юм. Өөрөөр хэлбэл арьс, гоо заслын салбарын шинэ, шилдэг бүхнийг цогцлоон мэргэжлийн удирдлага дор харилцагчиддаа хүргэж байна.
Бид тоонд бус чанарт анхаарч ирсэн 10 жилийн турш. Хямд үнэтэй тарилгыг олон хүнд хийгээд богино хугацаанд гоё сайхан болгоод, харилцагчийг дахин дахин ирүүлээд байж болох ч бид тэр замыг сонгоогүй. Бид энэ салбарт урт нас, удаан жаргалтай компани болон оршин тогтнохын тул жижиг аар саар зүйлсэд анхаарал хандуулаагүй гэдгээ хэлье. Урт хугацаанд үнэ цэнээ өгөх, судалгаа суурьтай, олон улсын жишигт нийцсэн байхыг бүтээгдэхүүн үйлчилгээ бүрдээ чухалчиллаа. Бидний салбартаа эзлэх хувь хэмжээ, ашгийн үзүүлэлт зэрэг нэмэх тоонууд урт замд органикаар бий болж байгаа. Гол нь судалгаа суурьтай, үнэ цэнтэй үйлчилгээ хүргэх зорилгынхоо төлөө тууштай явж байгаа.
Хөгширсөн хойноо биш хөгшрөхөөсөө өмнө хөгшрөлттэй тэмцэх ёстой гэдгийг нэг үеэ бодвол ойлгодог болж. Хэдэн наснаас эхэлж тэмцэх ёстой юм бэ?
Өсвөр насны охиддоо арьс, гоо сайхны талаарх суурь ойлголтыг нь сайн тавьж өгөхөөс эхлэх ёстой. Сурталчилгаа сайтай хямд бүтээгдэхүүнүүдээр эрүүл залуу арьсаа гэмтээх тохиолдол ч их байна. Аливаа зүйлийг гэмтэж хөгширсөн хойно нь тордохоос илүү урьдчилан сэргийлэлт чухал байдаг. Хорьтой охиныг нүүрэндээ тариа тариуллаа гэж зэмлэх шаардлагагүй болсон. Орчны бохирдол өндөртэй Улаанбаатарт бохирдол арилгах арьсны тарилга охиддоо хийлгэж, цэвэр цэмцгэр арьстай явуулж байгаа ээж аавууд ч олон бий. Арчаатай амьдарч чадсан үгүйг тань арьс, үс чинь хэлчихдэг болсон. Хүмүүсийн мэдлэг, мэдээлэл маш сайн болсон.
Эмч нарын ур чадварын асуудал чухлаар яригдаж байна. Хүний нөөцийн ямар бодлого баримталж байна вэ? Ирээдүйн боловсон хүчнээ одооноос бэлтгэхэд анхаарч байна уу?
Олон улсын гоо сайхны зах зээлд нэвтэрсэн шинэ, шилдэг гэсэн бүхнийг бид тасралтгүй эрэн хайж цаг алдалгүй Монголдоо нэвтрүүлдэг. Шинэ зүйл нэвтрүүлэхтэй зэрэгцэн хүний нөөцөө бэлтгэх, сургах асуудал зэрэгцэж явдаг. Арьс, гоо заслын чиглэлд Монголд хийгдсэн анхны олон улсын сургалтууд манайд хамаардаг.
Манай эмнэлгийн эмч нар дэлхийн түвшний ур чадваруудыг эзэмшсэн. Хамгийн гол нь хариуцлагатай, цогц үйлчилгээг хүргэхэд бид хамаг анхаарлаа тавьдаг. Салбарынхаа ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэн хөгжүүлэх чиглэлд ирэх онд болох 10 жилийн ойгоо тохиолдуулан арьс, гоо заслын чиглэлээр суралцаж буй төгсөх ангийн оюутнуудад тэтгэлэг олгох, тэднийг ажлын байраар хангах, мэргэжлийн ном сурах бичгийг олон улсын сүүлийн хувилбараар монгол оюутнууддаа хүргэх гэсэн ажлуудыг төлөвлөөд байна.
Ирэх 11 сард бид олон улсын эмч нарын багтайгаа хамтран арьс, гоо заслын салбарт нэвтэрсэн шинэ технологи, арга барилуудыг монгол эмч нартаа сургах томоохон хэмжээний сургалтын хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.
10 жилээ тоогоор илэрхийлвэл танай хамт олны бахархам амжилт, тоон үзүүлэлтүүд юу байна вэ?
10 жилийн өмнө манай хаалгаар орж ирж байсан харилцагчдын талаас илүү хувь нь өнөөдөр ч байнга ирж үйлчлүүлж байгаа нь бидний тоогоор илэрхийлж болох хамгийн том амжилт. Миланы лабораторид эрдэм шинжилгээний багтай хамтран Le Muni брэндийн 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлж олон улсад худалдаалдах патентаа албан ёсоор авсан нь бидний бас нэг бахдам амжилт.






