
Агаарыг бохирдуулагч PM2.5 нарийн ширхэгт тоосонцор нь хүний тархинд уургийн хортой бөөгнөрөл үүсгэж, тухайн бөөгнөрөл нь тархинд тархах явцдаа мэдрэлийн эсүүдийг устган, тэнэгрэл өвчний нэг хэлбэр болох Леви биетийн деменци үүсгэх эрсдэлтэй нь судалгаагаар тогтоогджээ.
Леви биетийн деменци нь хүмүүст элбэг тохиолддог тэнэгрэл өвчний хэлбэрүүд дундаас Альцхаймерын өвчин болон тархины цусан хангамжийн дутагдлаас болж үүсдэг деменци өвчний араас ордог аж.
Science сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгааг удирдсан судлаачид АНУ-ын Medicare эрүүл мэндийн даатгалын системд бүртгэлтэй 56.6 сая өвчтнүүдийн өвчний түүхийг судалжээ. Эхний ээлжинд тэд 2000-2014 онуудад тархины уургийн хэвийн бус ажиллагаа илэрсэн өвчтөнүүдийн амьдардаг газруудынх нь агаарын чанарыг авч үзсэн байна.
Агаарыг бохирдуулагч PM2.5 ба түүнээс нарийн ширхэгт тоосонцрууд нь уушгинд орж, цусаар дамжин тархи болон бусад эд эрхтэнд тархах аюултай бөгөөд судлаачид PM2.5 тоосонцроор удаан хугацаанд амьсгалах нь Леви биетийн деменци үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.
Леви биет нь альфа синуклейн нэртэй уургийн бөөгнөрөл юм. Альфа синуклейн уураг нь эрүүл тархины үйл ажиллагаанд чухал нөлөөтэй ч хэвийн бус бөөгнөрөл үүсгэвэл мэдрэлийн эсүүдийг устгаж, тархинд тархаж, өвчин эмгэг үүсгэх аюултай юм.
Судлаачид PM2.5 тоосонцор Леви биетийн хэвийн бус бөөгнөрөл үүсгэдэг эсэхийг шалгахын тулд хулгана дээр туршилт хийсэн ба ингэхдээ 10 сарын турш хулгануудыг PM2.5 тоосонцортой бохир агаараар амьсгалуулжээ. Туршилтын үр дүнд эрүүл хулгануудын мэдрэлийн эсүүд үхэж, тархи нь агшсан байна.
PM2.5 тоосонцороор удаан амьсгалсны үр дүнд хулганын тархинд альфа синуклейн уургийн хортой бөөгнөрөл үүсэж байгаа нь ажиглагдсан нь хүний тархинд үүсдэг Леви биеттэй төстэй байсан гэжээ.
Судалгааг удирдсан эрдэмтдийн нэг Сяобо Мао, “Бидний хийсэн судалгааны үр дүнд бохир агаар нь Леви биетийн деменци үүсгэх хүчин зүйлсийн нэг болох нь тогтоогдсон. Тийм ч учраас бидний судалгаа урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм. Агаарын бохирдлыг бууруулахад нийтээрээ хүчин зүтгэснээр мэдрэл, сэтгэцийн гаралтай өвчин эмгэгүүдээс сэргийлэх боломжтой болох юм.” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian






