
Өрөг.мн сайтын сурвалжлах баг 9 дүгээр сарын 1-нд Монгол III сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд очсон юм. Ингэхэд номын санд нь нэгдүгээр ангийн сурах бичгүүд хараахан ирээгүй, 2-5 дугаар ангийн сурах бичгүүд хангалттай хэмжээнд байгаа гэх мэдээллийг номын санч нь өгсөн юм. Иймд бид Боловсролын сайд болон Боловсролын Ерөнхий газрын дарга нараас сурах бичгийн түгээлттэй холбоотой асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.
-1-5 дугаар ангийн сурах бичиг хэзээ хүргэгдэж дуусах вэ?
-Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир: Нэгдүгээр ангийн сурах бичиг 8 сарын 30-нд хэвлэлтээс гарч бэлэн болсон. Бид тухайн өдөр нь сурах бичгүүдийг бүх дүүргүүдэд хүргүүлсэн. Харин 8 сарын 31-нд хөдөө орон нутаг руу сурах бичгүүдийг түгээсэн. 21 аймгийн Боловсролын газрын дарга нартай, сурах бичгүүд аль, аль аймаг дээр оччихсон байна. Цаашаа сум, сургууль нэг бүр рүү яаж түгээх гэж байна. Аюулгүй байдлыг нь яаж хангаж байна вэ гэдгийг тодруулаад, яг одоо хуралдаад сууж байна.
-Түгээлтийн нь хэрхэн хийж байгаа вэ?
-Ер нь бол сурах бичгийн түгээлтийн тендер сүүлийн хоёр жил зарлагдаж, Монгол Улсын сургууль нэг бүрийн үүдэнд хүлээлгэж өгдөг байсан. Энэ жил төсвийн тодотголтой холбоотойгоор Боловсролын сайдаас чиглэл ирсний дагуу ингэж хүргэх боломжгүй болсон тул 21 аймгийн Боловсролын газар, Нийслэлийн 9 дүүргийн Боловсролын хэлтсээр дамжуулж түгээхээр болсон.
-Тэгэхээр 1-2 хоногтоо сурах бичиг түгээгдээд дуусчихна гэсэн үг үү?
-Аль болох богино хугацаанд хүргэнэ. Аймгаасаа хол сумууд руу 1-2 хоногт очих байх. Аймагтайгаа ойр сумууд өнөөдөр /2025.09.02/ сурах бичгээ хүлээгээд авчхаж байгаа байх.
-Боловсролын сайд П.Наранбаяр: Сурах бичгийн түгээлт хийхийн тулд 1.4 тэрбум төгрөгийг тендер зарласан байгаа юм. Төсвийн үрэлгэн байдалд хэмнэлт хийх шаардлага гарсан тул бид өөрсдийнхөө хүчин чадлыг ашиглаад, аймгуудын Боловсролын газар, Нийслэлийн Боловсролын газраар дамжуулан сургууль, цэцэрлэгийн автобус унааг ашиглан сурах бичгийг хүргэж өгч байна. Надад ирсэн мэдээгээр бол одоогоор 200 сая төгрөг сурах бичгийн түгээлтэд зарцуулаад явж байна.






