
Өнгөрсөн пүрэв гарагийн шөнө ОХУ Украины нийслэл Киев хотод пуужингийн болон дроны цохилт үзүүлжээ. ОХУ-ын зэвсэгт хүчний агаарын цохилтод Киев хотын 6 дүүрэг өртсөн байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Оросын агаарын цохилтын улмаас 225 орон сууц гэмтэж, 22 хүн амь үрэгдэж, олон арван хүн шархаджээ. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский үүнтэй холбоотойгоор ОХУ хэлэлцээрийн ширээний ард суухыг бус аллагаа үргэлжлүүлж, дайныг дуусгахгүй байх сонголт хийсэн хэмээн мэдэгдэж, энэ баасан гарагийг гашуудлын өдөр болгон зарлажээ.
Түүнчлэн Оросын агаарын цохилтод Киев дэх Их Британийн зөвлөлийн барилга болон Европын холбооны төлөөлөгчийн газар өртсөнтэй холбоотойгоор Их Британийн Гадаад харилцааны яам болон Европын холбооны удирдлагууд Их Британи болон Брюссельд ОХУ-аас суугаа элчин сайд нарыг дуудаж уулзахаар болжээ. The Atlantic сонинд бичсэнээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-Украины дайныг дуусгахын төлөө гаргасан хичээл зүтгэл нь үр дүнгүй болсонд маш бухимдалтай байгаа аж. ОХУ-Украины дайныг дуусгах нь Д. Трампын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр амласан амлалтуудын нэг бөгөөд эх сурвалжуудын тус сонинд мэдэгдсэнээр ОХУ-Украины дайн дуусаж л байвал Ерөнхийлөгч Д. Трампад уг дайн ямар аргаар, яаж дуусах нь хамаагүй болсон гэжээ.






