
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлийн завсарлагаанаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан мэдээлэл өглөө. Тэрбээр:
“Миний хувьд Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлэхээ тав хоногийн өмнө зарласан. Энэ өдрүүдэд Монгол Улсад над шиг муу хүн байсангүй. Маш зохион байгуулалттайгаар их мөнгө цутгалаа. Би бол энэ мөнгийг нь дийлэхгүй юм байна. Гэхдээ ийм юманд нугарна гэж байхгүй.
Хүнийг хүний олон барьдаггүй юм. Хайрцаглагдсан үндэсний хорооны бодлогоор шууд намын даргаа сонгоно гэж байна. Тэгэхээр энэ дахиад дүрмээ зөрчинө. Үндэсний бодлогын хорооны хугацаа 2022 онд дуусчихсан.
Одоо манай дээр 160-аад сум, 15 аймаг, найман дүүрэг ялагдсан даргагүй байгаа. Эд нар бүгд сонгуулиа хийж чадахгүй байгаа байхгүй юу. Ийм нөхцөл байдалд үндэсний бодлогын хороог хэдхэн хүн нь худалдаж аваад хайрцаглачихсан.
Үүн дээр Ардчилсан намын даргыг тавилаа гэдэг драм явах гэж байгаа юм. Энэ жүжгээ болих хэрэгтэй.
Монголд ерөөсөө ганцхан төрлийн бизнес байдаг. Тэр нь уул уурхай. Оюутолгой, Эрдэнэт, Таван толгой. Үе үеийн намын дарга, сайд, ерөнхийлөгч нар Эрдэнэтийн зэс дээр квот авдаг. Оюутолгойгоос зээл авдаг, Тавантолгойгоос юу авах вэ гэдгээ л боддог.
Дараагийнх нь монголд банк байдаг. Банк нь бол иргэдээ луйварддаг тонуулчид.
Би намын даргад нэрээ дэвшүүлснээр юуг өөрчлөх гэсэн бэ гэвэл өнөөдөр энэ намын удирдах албан тушаалуудыг зардаг, нөгөө намтайгаа хуйвалдаанд ордог, Эрдэнэтийн зэс дээр хэдэн хувийн квот авах вэ гэдэг, гаднынханд найр тавьдаг. Үүн дээр нь эргэлт хийх гэсэн юм. Үүнд дургүй байгаа юм байна л даа. Хүлээн зөвшөөрөхгүй байна.
Одоо тэгээд жүжгээ тавиад нэг нь нэрээ татаад өрсөлдсөн болоод тэрийгээ хүлээн зөвшөөрөх байх.
Би ямар тохиолдолд Ардчилсан намын дарга байхыг хүсэж байна вэ гэвэл Ардчилсан намын жирийн гишүүдээс мандат авсан хүчирхэг намын дарга баймаар байна.
Одоо намынхаа гишүүдээс сонгох, сонгогдох эрхийг нь булааж авч байгаа юм. Зөвхөн Үндэсний бодлогын хороо шийднэ гэнэ. Үүнийг Ардчилсан намын гишүүд хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ цаашаа явсаар байгаад монголын ард түмнээс сонгох, сонгогдох эрхийг нь авч байна гэсэн үг.
Би энэ хүмүүсийн бүх луйвруудтай өчнөөн жил тэмцсэн сэтгүүлч хүний хувьд тийм зүйл рүү орохгүй. Би нэрээ татахгүй эд нарын заваан хайрцагт орохгүй” гэв.






