
Намар үүрээр мордвол уул, толгодын оройд буусан манан орчин тойрноо тольдох, алсын барааг харуулдаж болохгүйгээр хязгаарладаг сан. Хэт өтгөн МАНАНД төөрөх эрсдэл ч бий болдог доо.
Яг энэ байгалийн үзэгдэлтэй өнөөгийн улс төр ч нэн төстэй байхчуу. УИХ-ын намрын чуулган эхлэх дөхөж байна. Бид улс төрд өрнөж буй, өрнөх асуудлуудыг ямар нэгэн шүүлтүүр, дүгнэлтгүйгээр тоймлоё.
Л.Оюун-Эрдэнийн “комбайк”
МАН-ын улс төрд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 1980-аад оны улс төрчид “комбайк” хийх бол нөгөө талд У.Хүрэлсүх, Г.Занданшатар тэргүүтэй намнагчдын улс төр идэвхжиж эхлээд буй. Угаас МАН-ын дүрэмд намын дарга Ерөнхий сайдад нэр дэвших талаар тусгаж өгсөн байдаг.
Тэгэхээр Г.Занданшатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгийг авч намын дарга болохоор зүтгэж буй. Нөгөө талд найздаа тусална хэмээсэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар уулзалтын ширээнээс буугаагүй яваа сурагтай билээ.
Харин Ардчилсан нам өнөөдөр дарга аа сонгох, эсвэл даргаа сонгох дүрмээ тогтоож хуралдана.
АН-ын даргад нэр дэвших “хэрүүлийн даллагатай тав”
- О.Цогтгэрэл
- Ч.Лодойсамбуу,
- О.Алтангэрэл
- Л.Мөнхбаясгалан,
- Ж.Баярмаа. Эдгээр УИХ-ын гишүүдийн нэг нь дарга болох.
Намын дарга Лу.Гантөмөр тамгаа хааш авч зугтаахыг бид мэдэхгүй. Нэр дэвшигчдийн боловсролын тухай яриа л цахим орчинд гал авалцуулж байна. Лу, Эби, Баярцогт, Женко алиных нь хүн намын дарга болох вэ гэсэн уралдаан бус уу хэмээн ард түмэн харж буй. Ямартай ч Улс төрийн намын тухай хуулийн дагуу бүх намууд дүрмээ шинэчилж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Дүрмээ өөрчилж бүртгүүлэх хугацаа нь энэ оны 12 дугаар сарын 31-нд дуусна. Тэр хүртэл тамга, тэмдгийн маргаан салахгүй л болов уу.
“Бухын доодохтой ноцолдож буй үнэгнүүд”
ИЗНН, ХҮН.
ИЗНН хамтарсан засгаас гарах шуум тараасан ч тэр нь сандал суудлын төлөөх маргаан юм. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара хамтарсан засгаас гарах бичиг намын даргадаа явуулж, түүнийг нь хүлээж авсан намын дарга Б.Батбаатар нь “зүйтэй” гэж мэгээд л… Яг үнэндээ есдүгээр сарын нэгэнд болох намын хурлаар нь яригдах л байсан зүйл. Огт шинэ зүйл биш билээ. Гагцхүү тэдэнд хамтарсан засагт байгаа нь ашигтай юу? Ашигтай гэсэн ганцхан л гашуун үнэн бий.
Харин ХҮН-ийн хэдэн сайд, гишүүдтэй хүн юм ярихаа болиод байгаа юм. Нэр хүнд нь шалаар нэг шалхайсан энэ намын дараагийн нүүдэл юу байх вэ гэдэг асуулт л бий.
“Төгрөг нуураа авлаа, одоо Ухаа худгаа авъя, Цагаан суваргаа авъя” гэх л байх…
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр холбогддог “Төгрөг нуурын” орд газрын лицензийг төрд буцаан авах шийдвэр гаргалаа. Мөн үүнээ дагаад Ухаа худаг, Цагаан суваргын асуудлууд ч хөндөгдөх биз ээ. Хэлцэл хийх үү? гэх мэтчилэн. Төгрөг нуурын ордын цаана тохироо байсан эсэх мөн л намрын улс төрөөс шууд харагдана.
Хоёрдугаарт, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдийн хөрөнгийг хураана гэдгийг мэдэгдээд буй гэх мэт олон, олон асуудлаар Монгол Улсын улс төржилт эхлэх авай.
Эцэст нь хэлэхэд их МАНАН хол ойрыг харж болохгүй хэцүү болгодогтой адил намуудын зодоонд болгоомжтой, ухаалаг, шүүлтүүртэй хандвал ард түмэн төөрөхгүй байх аа.
Х.Умаахан






