
БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён АНУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзжээ. Хоёр орны төрийн тэргүүнүүд Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдал, Хойд Солонгосын цөмийн хүчин чадал зэрэг асуудлуудыг хөнджээ. Өнгөрсөн 6-р сард БНСУ-ын Ерөнхийлөгчөөр томилогдсон Ли Жэ Мён Америкийн төрийн тэргүүнээс хоёр Солонгосын хооронд энхийг тогтооход туслахыг хүсжээ.
Түүний хэлснээр Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр анх удаагаа сонгогдон ажиллаж байх үед Солонгосын хойгийн нөхцөл байдал харьцангуй тогтвортой байсан аж. Ерөнхийлөгч Ли Жэ Мён, “Та бол дэлхийн энх тайвны асуудалд ихээр анхаардаг, тэр тал дээрээ ч тодорхой ахиц дэвшил гаргасан анхны ерөнхийлөгч гэж бодож байна. Тиймдээ ч таныг Солонгосын хойгт энхийг тогтоож, Ким Жон Унтай уулзана гэж найдаж байна” гэжээ.
Түүнчлэн айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Ли Жэ Мён Сөүл АНУ-ын эдийн засагт 150 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг мэдэгджээ. Үүнд БНСУ-ын Korean Air компани Америкийн Boeing компаниас 103 онгоц, GE Aerospace, CFM International компаниудаас хөдөлгүүр, сэлбэг зэргийг худалдан авах, Hyundai Motor Group АНУ-д оруулах хөрөнгө оруулалт зэрэг багтаж байгаа аж. Ерөнхийлөгч Ли Жэ Мён АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трампад “Америкийг дахин агуу болгоё” гэсэн хатгамалтай хоёр ковбой малгай, тусгайлан урласан гольфийн цохиур, Чосон улсын байлдааны хөлөг онгоцны жижиг модель зэргийг бэлэглэхийн зэрэгцээ Хойд Солонгост Trump Tower баригдах ёстой хэмээн хошигножээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны хувьд Хойд Солонгос улс цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлнэ хэмээн удаа дараа мэдэгдсэн ба БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мёний хэлснээр Пхеньян жилд 10-20 цөмийн зэвсэг үйлдвэрлэх хүчин чадалтай болоод байгаа аж. Өнгөрсөн бямба гарагт Пхеньян агаарын довтолгооноос хамгаалах шинэ хоёр пуужингийн туршилтыг явуулсан билээ.






