
ОХУ-ын засгийн газар Ерөнхийлөгч Владимир Путинд ОХУ-ыг Эрүүдэн шүүх болон хүнлэг бусаар эсвэл хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Европын конвенцоос гаргах төслийг танилцуулжээ. Ерөнхий сайд Михаил Мишустины танилцуулсан уг төсөлд ОХУ зөвхөн Эрүүдэн шүүх болон хүнлэг бусаар эсвэл хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Европын конвенцоос гараад зогсохгүй тус конвенцын зүгээс гаргасан бүх протоколоос гарах тухай тусгажээ.
Эрүүдэн шүүх болон хүнлэг бусаар эсвэл хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Европын конвенцыг анх 1987 онд Европын зөвлөл баталж, ОХУ Европын зөвлөлийн гишүүн улс болсныхоо дараа 1996 онд тус конвенцод нэгджээ. ОХУ Украин руу довтолж, Украинтай дайтаж эхэлснээсээ хойш олон улсын байгууллагуудаас гарч эхэлсэн ба Европын зөвлөлөөс гарснаараа Европын хүний эрхийн конвенцоос гарч, Европын хүний эрхийн шүүхийн шийдвэрүүдийг гүйцэтгэхээс татгалзсан билээ.






