
Одоогоос хоёр жилийн өмнө Сэлбэ гол үерлэж, тухайн орчмын айлууд хүнд нөхцөлд амьдарч байсан. Ойрын жилүүдэд тэр жилийн үертэй харьцуулахад 5-7 дахин их хэмжээний үер буух магадлалтайг мэргэжилтнүүд судалсан. Тиймээс хамгийн эрсдэлтэй байршил болох Сэлбэ голын Натурын орчимд 1.4 км урт түшиц хана бүхий тэгш өнцөгт үерийн хамгаалалтын далангийн угсралтын ажлыг 2024 оны зургаадугаар сарын 20-ноос эхлүүлсэн.
Үүнтэй холбоотойгоор 2025 оны зургаадугаар сарын 15-ны өдөр “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн ахлах инженер И.Сумьяабазар:

“Үерийн хамгаалалтын далангийн барилга угсралтын ажил энэ зургаадугаар сарын 30-нд дуусах бол наймдугаар сарын 30-нд нийт ажлыг дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгнө” хэмээн хэлж байсан юм.
Гэтэл иргэдийн дунд тус бүтээн байгуулалтын ажлын явц удааширч байгаад санаа зовж цахим сүлжээнд олноор нийтлэх болсон.
Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэлээс тодруулахад:
“Гэрээний дуусах хугацаа 2026 оны нэгдүгээр сарын 12-нд дуусна. Гэрээний хугацаа дуусахад таван сар дутуу байна. Одоогоор бетон түшиц хана 95 хувь, чулуун ресберм бэхэлгээ 40 хувь. Тохижилтын ажил хараахан эхлээгүй байна. Түшиц ханын ажлыг зургаадугаар сарын 30-нд дуусгах байсан. Нийт 1400 метр түшиц хана барихаас гол дотор чулуу тээвэрлэх 36 метр түшиц хана дутуу” гэв.
Гэрээний хугацаа нь ирэх онд дуусах атал наймдугаар 30-нд Улсын комисст хүлээлгэн өгнө гэж хэлсэн үгэндээ хүрэхгүй байгаа шалтгааныг “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн төслийн менежер Р.Дамбаас тодруулахад:
“Наймдугаар сарын 30-нд голын дотор хийгдэж буй чулуун бэхэлгээ тохируулгын ажил дуусна. Баруун урд талын ажлаас 70 орчим метр ажил явахгүй байгаа нь Өмнөдийн 700 гээд цэвэр усны шугам шинээр татаж байгаа шугам хоолойны ажлаас болоод удааширч байна. Манайхаас удаашруулж байна гэхээсээ илүү шугам сүлжээний асуудалтай холбоотойгоор удааширч буй. Манай ажилчид өглөө 08 цагаас оройн 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Баруун урд талын булангаас цахилгаан түгээхийн эзэмшлийн Шангрилагийн 7 кабелиас болоод хананы ажил эхлэхгүй байж байгаад дөнгөж өчигдөр /2025.08.18/ шилжүүлж дууссан. Бид аль болох гэрээнээсээ өмнө хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна” гэлээ.
Бид энэ талаарх мэдээллийг тухай бүрд нь хүргэх болно.






