
АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путиныг улаан хивс дэвсэн угтсан явдал яах аргагүй хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтын онцлох үйл явдлаар тодроод байна.
Хоёр орны төрийн тэргүүнүүдийн онгоц Элмендорф-Ричардсон зэвсэгт хүчний нэгдсэн баазад газардсаны дараа Ерөнхийлөгч Д. Трамп алгаа ташин В. Путиныг инээмсэглэн угтан авсан нь олны анхаарлыг татсан юм.
Уулзалтад зориулж Ерөнхийлөгч Д. Трамп тод улаан өнгийн зангиа, В. Путин улаан хүрэн өнгийн зангиа зүүсэн байсан ба Д. Трамп В.Путинд гараа сунган, төрийн тэргүүнүүд удаанаар гар барьж, бие биеийнхээ мөрийг зөөлөн алгадан, хоорондоо ярилцан инээмсэглэж байв.
Хоёр орны төрийн тэргүүнүүд “Alaska 2025” гэсэн индэр гарч гэрэл зураг авхуулахаар улаан хивсэн дээгүүр мөр мөрөө зэрэгцэн алхаж байх үед тэнгэрт F-22 сөнөөгч онгоцнууд, B-2 бөмбөгдөгч онгоцнууд нисэн өнгөрчээ.
Гэрэл зураг авхуулсныхаа дараа Ерөнхийлөгч Д. Трамп Оросын төрийн тэргүүнийг өөрийн лимузинд урьсныг В. Путин хүлээн авч, төрийн өндөрлөгүүд Д. Трампын лимузиний ард сууж, уулзалт болох газар луу хөдөлсөн юм.
Нөхөрсөг бөгөөд сүр дуулиантай хүлээн авалт нь ОХУ-ын удирдагчид АНУ-ын зэвсэгт хүчний сүр хүчийг үзүүлэх зорилготой байж болох ч нөгөө талаар Ерөнхийлөгч Д. Трамп ОХУ болон Украины Ерөнхийлөгч нарт ялгавартай ханддаг болохыг харуулсныг барууны хэвлэлүүд онцолжээ. Өнгөрсөн 2-р сард л гэхэд Д. Трамп В. Зеленскийг Цагаан ордонд хүлээн авч уулзах үедээ В. Зеленскийг бүдүүлэг үйлдэл гаргаж байна хэмээн эрс шүүмжилж, уулзалтаа гэнэт дуусгасан билээ.
Москва хотод ажилладаг сурвалжлагч Айвор Бенетт Д. Трамп, В. Путин хоёрын хамтарсан хэвлэлийн бага хурлыг оролцож байсан хэвлэлийн бага хурлуудаас хамгийн сонин содон байсныг онцолж, Ерөнхийлөгч Д. Трамп сэтгүүлчдийн асуултад хариулаагүй анхны бага хурал гэжээ. Энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путины тавьсан нөхцөлтэй холбоотой байж магадгүй гэж тэрээр үзэж байгаа аж. Үүнээс гадна хэвлэлийн бага хурал В. Путины мэдэгдлээс эхэлсэн нь Д. Трамп В. Путиныг хүлээн аваагүй эсрэгээрээ В. Путин Д. Трампыг өөрийн эх орондоо хүлээн авч, энэ уулзалтыг зохион байгуулсан мэт санагдуулсан гэжээ.
Мөн хоёр орны төрийн тэргүүнүүдийн ард байсан “энхийг зорих” гэсэн уриа нь ОХУ АНУ-тай харилцаагаа сайжруулах гэсэн утгатай мэт санагдсаныг онцолжээ.
Нөгөө талаас Америкийн сурвалжлагч Жэймс Мэтьюс Д. Трампын В. Путиныг угтан авч буй дүр зураг маш содон байсныг онцолжээ. Тэрээр, “В. Путин бол түрэмгийлэгч, олон түмний ад үзэж, дайны гэмт хэрэгт буруутгагдаж буй хүн. Ийм намтар түүхтэй хүнийг АНУ-ын Ерөнхийлөгч алга ташилтаар угтаж авч байгаа нь сонин үзэгдэл байлаа.” гэжээ.
Барууны хэвлэлүүд Ерөнхийлөгч Д. Трампын В. Путиныг хэрхэн угтан авсныг Европт Дэлхийн 2-р дайнаас хойш хамгийн том дайныг өдөөгч, Америкийн хамгийн заналт дайснуудын нэгд тооцогдож буй хүнийг бус АНУ-ын хамгийн ойрын түншээ угтан авч буй мэт харагдсан гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: BBC






