
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа ялалт байгуулахаасаа хэдхэн өдрийн өмнө Доналд Трамп Цагаан ордонд эргэж орвол Хонконгийн тэрбумтан Жимми Лайг шоронгоос суллана хэмээн итгэлтэйгээр амласан юм.
Уг амлалтаас хойш 9 сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч ардчиллын төлөө тэмцэгч Жимми Лай төмөр торны цаана хоригдсон хэвээр байна.
77 настай Жимми Лай чанга дэглэмтэй шоронд, ганцаар хорих өрөөнд хоригдоод 1600 гаруй хоногийг үдээд байна.
Түүний үүсгэн байгуулсан Apple Daily сонин Хятадын Коммунист намыг шүүмжлэгч цөөн хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэг байсан ч Бээжин Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг үндэслэн тус сонины үйл ажиллагааг зогсоосон юм.
Жимми Лайг гадаадын улс орнуудтай үгсэн хуйвалдсан, бослого үймээнд турхирсан хэрэгт буруутгаж байгаа ба 2020 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу Ж.Лай дээрх зүйл заалтаар буруутай нь тогтоогдвол түүнийг бүх насаар нь хорих юм.

Энэ пүрэв гарагт Хонконгт Жимми Лайн шүүх хурал эхэлж, прокурор болон шүүгдэгчийн тал нотлох баримтуудаа танилцуулах байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас болж шүүх хурал хойшилсон байна.
Ж. Лайн хүү Себастьен Лай АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп аавынх нь хэрэгтэй танилцаж, түүнийг суллана гэж мэдэгдсэнд талархаж буйгаа илэрхийлэн, Д.Трампын амлалт гэр бүлийнхэнд нь итгэл найдвар төрүүлсэн гэжээ.


Эх газрын Хятадаас 12 настайдаа загас агнуурын завиар Хонконгт халаасандаа ганц ч зоосгүй ирж байсан Жимми Лай даавууны үйлдвэрийн ажилтнаас олон улсад нэртэй хувцасны томоохон брэндийн эзэн болсон түүхтэй.
1989 онд Тяньаньмэний талбайд болсон оюутнуудын жагсаалыг Хятадын эрх баригчид хүч ашиглан дарсан явдлын дараа Жимми Лай хувцасны бизнесээ орхин, хэвлэл мэдээллийн салбарт орж, Бээжинг ил тод шүүмжлэх болжээ.
Хонконгийг БНХАУ-ын мэдэлд шилжүүлэхээс өмнө 1995 онд Ж.Лай Apple Daily сонин эрхлэн гаргаж эхэлсэн нь Хонконгийн ардчиллын төлөөх хөдөлгөөнийг манлайлсан юм.


2019 онд Ж. Лай Вашингтонд айлчилж, АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс болон өөр бусад албан тушаалтнуудтай уулзаж, Хонконгт үүссэн нөхцөл байдлын тухай мэдэгдсэн аж. Тэрээр 2020 онд баривчлагдахаасаа хэдхэн долоо хоногийн өмнө CNN агентлагт өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч Д. Трамп ардчиллын төлөө тэмцэгч хонконгчуудыг аварч, Хятадын түрэмгийллийг зогсоож чадах цорын ганц хүн хэмээн онцолж байсан юм.
Эх сурвалж: edition.cnn.com






