
ОХУ-ын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн зохицуулалтын алба Роскомнадзор WhatsApp, Telegram мессенжерүүдийн дуудлага хийх үйлчилгээг хэсэгчлэн хязгаарлаж байгаагаа мэдэгджээ.
Роскомнадзор хууль сахиулах байгууллагуудаас өгсөн мэдээлэл болон иргэдийн хүсэлтүүдийн үндсэн дээр WhatsApp, Telegram мессенжерүүдийн дуудлага хийх болон аудио мессеж илгээх үйлчилгээ нь луйвар хийх, иргэдээс мөнгө залилах, иргэдийг хорлон сүйтгэх, алан хядах ажиллагаанд татан оролцуулахад ашигладаг гол хэрэгсэл болсон гэж үзэн дээрх шийдвэрийг гаргажээ. Тус байгууллагын зүгээс Telegram, WhatsApp мессенжерүүдэд шаардлага тавьсныг дээрх хоёр компани үл ойшоосон гэжээ.
ОХУ-ын Цахим хөгжил, Харилцаа холбоо, Олон нийтийн хэвлэл мэдээллийн салбарыг хариуцсан яам ОХУ-аас тавьсан шаардлагуудыг биелүүлсэн тохиолдолд Telegram, WhatsApp мессенжерүүдийн дуудлага хийх үйлчилгээг сэргээнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Нөгөө талаас дээрх хоёр мессенжерийн дуудлага хийх үйлчилгээг хориглосноор луйврын гэмт хэргийн тоо буурах явдалд эергээр нөлөөлнө гэж ОХУ-ын эрх баригчид үзэж байгаа аж.
Энэ сарын 10-наас 11-ны хооронд WhatsApp, Telegram мессенжерүүдийн ОХУ дахь хэрэглэгчдийн дуудлага хийх үйлчилгээ саатаж эхэлсэн ба уг үйл явдлаас өмнөхөн Forbes сэтгүүл Оросын үүрэн холбооны 4 том операторууд болох МТС, Мегафон, Билайн болон Tele2 компаниуд ОХУ-ын эрх баригчдаас гадаадын мессенжерүүдийн дуудлага хийх үйлчилгээг хориглож өгөхийг хүссэн талаар нийтэлж байжээ.
Эх сурвалж: theguardian.com






