
Данийн ордны болон соёлын агентлаг Копенхаген хотын Драгёр Форт боомтод байрлах лусын дагинын баримлыг буулгахаар болжээ. 14 тонн жинтэй, 4×6 м хэмжээтэй “Том лусын дагина” баримлыг анх 2006 онд Копенхаген хотын Лангеление усан зогсоол дээр байршуулж байсан ч иргэдийн зүгээс тус баримлыг “хуурамч бөгөөд бүдүүлэг” хэмээн удаа дараа шүүмжилсний эцэст 2018 онд буулгаж, Драгёр Форт боомтод байршуулаад байсан аж. Иргэдийг хамгийн ихээр бухимдуулж буй зүйл нь тус баримлын хөхний хэмжээ аж. Даничууд лусын дагиныг том хөхтэй урласан нь жендерийн мэдрэмжгүй үйлдэл гэж үзэж байгаа ба баримал нь эмэгтэй хүний бие ийм байх ёстой гэсэн хэвшмэл ойлголтыг дэмжиж, эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг унагаж байна гэжээ.
Нөгөө талаас олны шүүмжлэлийн дагуулсан лусын дагинын барималтай адил цээж нүцгэн дүрслэгдсэн Лангеление усан зогсоол дээр байдаг Бяцхан Лусын дагинын хүрэл баримал нь Данийн соёл урлаг, уран зохиолын бэлгэ тэмдэг болж, Копенхаген хотод очсон хэн бүхний үзэх ёстой гол үзвэрүүдийн нэг болж чаджээ. 1.25 м өндөртэй, 175 кг жинтэй тус баримлыг Данийн алдарт зохиолч Ханс Кристиан Андерсены 1837 оны “Бяцхан лусын дагина” үлгэрээс сэдэвлэн бүтээжээ.






