
Энэ лхагва гарагийн өглөө орон нутгийн цагаар 11:24 цагт ОХУ-ын Алс Дорнодод байрлах Камчаткын хойгийн ойролцоо Номхон далайд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн голомт Петропавловск-Камчатский хотоос баруун зүгт 161 км зайд 32 км гүнд бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл Петропавловск-Камчатский хотод 8 баллын хүчтэй, Северо-Курильскд 6 баллын хүчтэй тус тус мэдрэгджээ.
Газар хөдлөлтийн дараа Камчаткын хойгийн зарим эргээр 3-4 м өндөр цунами бүртгэгдэж, эрэг орчмын айлуудыг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. Камчаткын хязгаарын захирагч Владимир Солодов Telegram нийгмийн сүлжээнд өнөөдрийн газар хөдлөлт сүүлийн хэдэн арван жилд бүртгэгдээгүй хүчтэй байсныг онцолсон байна. 3 м-ээс өндөр давалгаа ОХУ, Эквадор зэрэг улсад, 1-3 м өндөр давалгаа Япон, Хавай, Чили, Соломоны арлуудад бүртгэгдэх магадлалтай байна.
Японы цаг уурын алба Номхон далайд бүртгэгдсэн хүчтэй газар хөдлөлтийн улмаас Японы томоохон арлууд 3 м хүртэлх өндөртэй цунамид өртөх эрсдэлтэйг анхааруулж, иргэдийг далайн эргээс холдож, өндөрлөг газарт очихыг зөвлөжээ. Түүнээс гадна АНУ-ын Хавай мужид Цунамигийн анхааруулга зарлаж, иргэдийг эргээс холдож, өндөрлөг газарт эсвэл барилгын 4 давхарт гарахыг зөвлөжээ.






