
Хятадын хойд бүс нутагт үргэлжилсэн аадар бороо орсонтой холбоотойгоор нийслэл Бээжин хотод үер усны гамшиг тохиож, багадаа 30 гаруй хүн амь үрэгджээ. Цаг уурын мэдээллээр мягмар гарагт хур тунадас үргэлжлэн орох төлөвтэй байгаа ба Хятадын эрх баригчид 80 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Жилийн энэ улиралд Бээжинд хур тунадас ихээр орж, үер усны аюул учрах нь элбэг бөгөөд 2012 оны 7-р сард тус хотод үерийн улмаас 79 хүн амь үрэгдэж байсан билээ. 130 тосгон цахилгаан эрчим хүчгүй болж, олон арван авто зам усанд автаж, аврагчид үерийн усанд боогдсон иргэдэд тусламж үзүүлж, нүүлгэн шилжүүлэхийн тулд нисдэг тэрэг ашиглаж байна.
Хятадын эрх баригчид үер усны гамшигт өртөж, эвдэрч гэмтсэн зам талбай, дэд бүтцүүдийг засаж янзлахад зориулж 200 сая юань буюу 28 сая ам.доллар гаргаад байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Бээжингээс 140 орчим км зайд байрлах Хэбэй мужийн Баодинь хотод нэг өдөрт нэг жилд орох нийт хур тунадасны хэмжээтэй тэнцэх бороо орж, 20 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн юм.






