
Өнгөрсөн баасан гарагт Техасын Хилл Кантрид болсон үерийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 78-д хүрч, сураггүй алга болсон иргэдийн тоо 41 болжээ.
Амиа алдсан иргэдийн дийлэнх нь Техасын Керр тойргоос олдсон ба тус тойрогт Гуадалупе голын эрэг дагуу байрлах олон арван жилийн түүхтэй охидын зуны “Camp Mystic” зуслан үерт автаж, тус зусланд амарч байсан 10 охин, нэг багш олдоогүй хэвээр байна.
Албаны хүмүүс амь үрэгдсэн иргэдийн тоо өсөх нь гарцаагүй гэдгийг онцолж байна. Ирэх 24-48 цагт тус бүс нутагт дахин аадар бороо орох төлөвтэй байгаа нь Техас мужийн түүхэн дэх хамгийн том, өргөн хүрээг хамарсан эрэн хайх, аврах ажиллагааг бүр ч хүндрүүлэх төлөвтэй байна.
Техас мужийн захирагч Грег Эбботт өнгөрсөн ням гарагт хийсэн мэдэгдэлдээ сураггүй болсон бүх иргэдийг олох хүртэл эрэн хайх, аврах ажиллагааг зогсоохгүй гэдгийг онцолжээ.
Өнгөрсөн баасан гарагийн орой Гуадалупе голын эрэг дагуу амарч байсан иргэдийн дийлэнх нь унтаж байхад 45 минутын турш үргэлжилсэн аадар борооны үр дүнд голын усны түвшин даруй 8 метрээр нэмэгдэж, Camp Mystic зуслан усанд автаж, тус зуслангийн захирлаар олон жил ажиллаж байсан Ричард Дик Истлэнд, зусланд амарч байсан хэд хэдэн охидын хамт амиа алджээ.