
УИХ-ын чуулганы Пүрэв гариг /2025.07.03/-ийн нэгдсэн хуралдаан эхэллээ.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Санал хураалт явуулахад нийт гишүүдийн 63.1 хувь нь дэмжив. Иймээс энэхүү төслийг УИХ-ын Төсвийн байнгын хороонд хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.
Мөн Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн 70 гаруй хувь дэмжин баталлаа.
Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүү асуулт тавьж, хариулт авч эхэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бейсен:
-Төсөв дагасан хуулиудаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн төсвийг хассан асуудал яригдаж байна. ОХУ-тай манай улс Засгийн газар хоорондын гэрээгээр тахлын гурван голомт дээр хоёр сар шинжилгээ судалгаа хийх ёстой. Ийм чухал ажил хийх ёстой байтал төсөв хасагдсан нь ямар учиртай вэ. Томилолтоос эхлээд олон зардал хасагдаж, нийтдээ 29 сая төгрөг хасагдсан байна. Мал ,амьтны гоц халдварт өвчин гарвал яах вэ?
Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж:
-Эхний ээлжинд бууруулж болохгүй зардалд тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө. цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг хасаагүй. Бусад байгууллагыг байгууллагаар нь ялгаварлаагүй, ижил зарчмаар хассан. Ялгаатай хувь процент гарч байгаа, Нэгдүгээр сараас зургадугаар сард ажлаа түлхүү төлөвлөөд явсан байгууллагын хувьд өөр гарч байгаа. Долдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэлх зардлыг ижил зарчмаар хассан. Эрүүл мэндийн салбар дээр 9 хувийн орон тооны бууралт ороод ирж байгаа. Санал солилцсон. 29 сая төгрөгийн асуудлыг Эрүүл мэндийн сайд батлагдсан төсвийнхөө хүрээнд шийдээд явах боломжтой. Үүнээс өөрөөр шийдэх боломжгүй.