
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.
Спортын төрөлд онцгой амжилт гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын харьяат болгох зохицуулалтыг төсөлд тусгаад байгаа юм.
Энэхүү хууль батлагдсан нөхцөлд Монгол Улсын иргэдийн спортод хандах хандлагыг сайжруулан, залуучуудын дунд идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжихэд эерэг нөлөө үзүүлэхээс гадна үндэсний бахархал, эв нэгдлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж буй.
Хуулийн төслийг П.Сайнзориг нарын есөн гишүүн санаачлан өргөн мэдүүлсэн. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо зургадугаар сарын 30-ны хуралдаанаараа хэлэлцээд “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.
Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал нарын 89 гишүүн Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаарх танилцуулгыг сонслоо.
Оюутолгой төслийн асуудал нь нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудал бөгөөд УИХ-ын гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь буюу 89 гишүүн энэхүү асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах санал гаргаад байгаа юм.
Мөн Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, цуглуулсан нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг үр дүнтэй зохион байгуулж, иргэдийг мэдээллээр хангах. Тайланг 2025 оны намрын чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулахаар төсөлд тусгасан юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай зэрэгцэн байнгын хороод хуралдсан байсан тул хуулийн төслүүдээр санал хураахад гишүүдийн ирц хангалттай бус тул үдээс хойш хураахаар болсон.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулаад дөнгөж сая үргэлжилж байна.