
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2025.07.02/ 3х3 сагсанбөмбөгийн тамирчдад төрийн дээд цол, одон, медаль гардуулсан. Уг үйл явдалтай холбогдуулан зарим иргэд, багш, дасгалжуулагчдын зүгээс спортод амжилт гаргасан хүүхдүүдэд ялгавартай хандаж байна гэх шүүмжлэл гараад буй. Тэгвэл тус асуудлаар Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, “холбогдох хууль журмын дагуу өнөөдөр шагнал авсан тамирчдад 25 сая төгрөг, дасгалжуулагчид 50 сая төгрөгийн шагнал өгсөн. Олимпийн төрөлд ордог спортын төрөлд болоод дэлхийн аваргад амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчид бүгдэд нь олгоно. Ингэхдээ тухайн спортын төрлийн холбоодоос нь материал нь ирнэ гэх мэт шат дамжлага бий. Эдгээр нь гүйцэт ирсний дараа хүн тус бүрд шагналыг нь өгнө. Харин Ерөнхий сайдын 500 сая төгрөгийн шагнал бол жилд нэг удаа онцгой гавьяа байгуулсан тамирчдад олгодог. Тэгэхээр энэ ч мөн журмын дагуу олгосон. Түүнээс тамирчдаа ялгасан зүйл байхгүй, хууль журмын дагуу олгож байгаа.
Тун удалгүй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нээс медаль хүртсэн Үндэсний шигшээ багийн тамирчдад Төрийн цол, одон медаль олгоно. Тэдний зохих ёсны бичиг баримтыг бүрдүүлж дуусгавар болсны дараа уг асуудлыг шийдвэрлэнэ” гэв.