
Өнөөдөр /2025.7.1/ нд цахим сүлжээнд дэлгүүрийн худалдагч эмэгтэй биед нэгэн эрэгтэй халдаж буй бичлэг нийтлэгдсэн билээ. Энэ хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн Ерөнхий Газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэл өглөө.
– Зургаадугаар сарын 27-нд 22:40 минутын орчим Дундговь аймгийн Сайнцагаан сумын долоодугаар багт байрлах хүнсний дэлгүүрт худалдагчийг зодоод байна гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мэдээллийн дагуу харьяа Дундговь аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид очиж шалгахад. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй гэхэд худалдагчийн биед халдсан нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн цаг үед хэрэгт холбогдогч этгээдийг эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн байгаа. Аливаа асуудлыг тал бүрээс нь нотлох ажиллагаа хийгдээд явж байгаа.
Цагдаагийн байгууллагын зүгээс шинжээч томилсон тогтоолыг өгөөгүй гэх зүйл яригдаж байна. Цагдаагийн байгууллага тухайн үед шинжээч томилсон тогтоолыг өгөх гэсэн боловч хохирогч эрүүл мэндийн үйлчилгээ авахаар Улаанбаатар хот явсан байсан. Улмаар зургаадугаар сарын 29-нд шинжээч томилох тогтоолыг гардуулсан байгаа.
Одоогоор шүүхийн зөвшөөрөлтэй 48 цагийн хугацаатай баривчлах асуудлыг Прокурорын байгууллагад хүргүүлээд байна.